Оросын Холбооны Улсын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 суралцагчийг сонгон шалгаруулж, суралцуулна.
Тус тэтгэлгээр суралцах суралцагч нь суралцах хугацаандаа үнэ төлбөргүй дотуур байранд суух бөгөөд сар бүр амьжиргааны зардалд 30000 рубль авна. Харин сурлагын амжилт хангалтгүй тохиолдолд 15,000 рубль хүртэл буух болохыг анхаарна уу.
Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
1. И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;
2. Москвагийн Oлон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.
Хоёр. Тавигдах шаардлага
Дор дурдсан шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
- Оросын Холбооны Улсын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
- Оросын Холбооны Улсын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
- Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, Оросын Холбооны Улстай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа.
Гурав. Бүрдүүлэх баримт бичиг
3.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон болон Оросын Холбооны Улсын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд суралцагчид:
- Цахим өргөдөл;
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
- Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспортын хуулбар.
3.2. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
- Цахим өргөдөл;
- Суралцаж буй сургуулийн албан бичиг;
- Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Дүнгийн хуулбар /голч дүнтэй/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспортын хуулбар.
3.3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
- Цахим өргөдөл;
- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
- Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспорт.
Дөрөв. Бүртгэл
Шалгалтад оролцох иргэд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл Боловсролын яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудсанд хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.
Тав. Сонгон шалгаруулалт
Боловсролын яам зөвхөн баримт бичгийг хүлээн авч, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүлнэ.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тухайн их, дээд сургуулиудтай хамтран шалгалт, ярилцлагыг зохион байгуулна.
Тав. Өргөдөл, гомдол
Боловсролын яамны зүгээс тэтгэлэгтэй холбоотой өргөдөл хариу өгөхгүй бөгөөд өргөдлөө Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд гаргах боломжтой.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын 51-263495 дугаараас тус тус лавлана уу.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ