card

Түгээмэл асуулт, хариулт

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны "Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай" 13 дугаар тогтоолоор өмнө нь зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцагч оюутанд оюутны хөгжлийн зээл олгох зохицуулалттай байсныг 2020-2021 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутанд мэргэжил харгалзахгүй 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 5028 оюутанд 7,5 тэрбум төгрөгийн зээлийг Боловсролын зээлийн сангаас олгохоор шийдвэрлэсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны "Лабортои сургуулийн нэмэгдлийн тухай" А/15 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 45 лаборатори сургуулийн багш, ажилтанд олгох нэмэгдлийг 2021 оны батлагдсан төсвөөс 6 тэрбумын төсвийг олгохоор шийдвэрлэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны хамтарсан "Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай" А/35, А10/1 дугаар тушаалаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг шинэчлэн баталсан. Өмнө нь шалгуур үзүүлэлтэд түвшин, хүрээг заагаагүй байсан бол  шинэ үзүүлэлтээр багш, ажилтны ур чадварыг (i) цэцэрлэг, сургуулийн, (ii) сум, дүүргийн, (iii) аймаг, нийслэлийн, (iv) улс, бүс, олон улсын түвшнээр ангилж, түвшин тус бүрд тохирох ур чадварын нэмэгдэл олгох хувийг тогтоож өгсөн. Үзүүлэлтийг энэ оны 2 дугаар сараас мөрдөж байна.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх, дараагийн улиралд шилжүүлэн тооцох талаар цэцэрлэг, сургуулийн дотоодод мөрддөг баримт бичигт тусган, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, оюутантай зөвшилцөж, тэдэнтэй байгуулсан гэрээгээр баталгаажуулах асуудлыг түр журмаар зохицуулсан.

Төлбөртэй үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь төлбөрийг эцэг, эхийн санхүүгийн нөхцөл боломжид суурилан уян хатан нөхцөлөөр сар, улирлаар тооцон авах журам энэ улиралд үйлчилнэ. Их, дээд сургууль, коллежийн хувьд сургалтын төлбөрийг уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн, хугацаа тохиролцон авахаар зохицуулсан.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар олгосон эрхийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан давтлага хичээлийг танхимаар зохион байгуулж байна. Одоогийн байдлаар аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрөлтэйгөөр 14 аймагт давтлага хичээл зохион байгуулж, 30 мянга гаруй сурагч хамрагдаж байна.

Цахим хичээл, интерактив хичээл Боловсролын яамны econtent.mn сайт дээр байгаа. Хэзээ ч татаж авч үзэх боломжтой. Теле болон цахим хичээлд хамрагдах боломжгүй сурагчдад хэвлэмэл болон бусад материалыг хүргэж, эргэх холбоотой ажиллаж байна. Цаашид танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгахад чиглүүлнэ.

Инновацийн соёл, инновацийн үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хүрээнд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд онлайн хурал зохион байгуулах, цахим орчинд туршлага солилцох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах ажлууд хийгдэж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Монголын инновацийн 7 хоног”-ийн үйл ажиллагаа энэ жил шинэлэг байдлаар 2021 оны 5 дугаар сард цахимаар зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судалгаа боловсруулалтын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх дэд бүтэц, технологи дамжуулах төв сул хөгжсөнөөс эрдэмтдийн бүтээл үйлдвэрлэл, үйлчилгээ болж чадахгүй байна. Энэ байдлыг засаж залруулах үүднээс шинээр баригдаж буй шинжлэх ухаан технологи инновацийн төвийг зөвхөн эрдэм шинжилгээний зориулалтаас гадна шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн парк хэлбэрээр зохион байгуулна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг 2020 онд ашиглалтад оруулсан бөгөөд өмнөх онуудын дээд боловсролын дипломын мэдээллийг БШУ-ны архив, дээд боловсролын сургалтын байгууллагын архивын мэдээлэлд үндэслэн цахим хэлбэрт оруулах ажил үе шаттай хийгдэж байна.

Таны дипломын мэдээлэл системд бүртгэгдсэн бол дипломын лавлагааг Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин болон Төрийн үйлчилгээний E-Mongolia цахим системээс цахим хэлбэрээр авч болно. Таны мэдээлэл байхгүй тохиолдолд Та төгссөн сургуулиасаа цаасаар авна.

 

Та дээд боловсролын сургалтын байгууллагыг 2019 оноос өмнө төгссөн, Таны дипломын мэдээлэл Төрийн үйлчилгээний E-Mongolia цахим систем дээр бүртгэлгүй бол Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтэст хандан өргөдөл гарган ДБУМС-д бүртгүүлж болно. 
БШУ-ны сайдын 2018 оны А/286 дугаар тушаалаар батлагдсан сургалтын байгууллага төгсөгчдийн баримт бичгийг цахим хэлбэрээр олгох журмын дагуу дараах баримт бичгийг бүрдүүлнэ. 
Үүнд: 
1. 2003-2018 онуудад төгссөн бол Дипломын хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар 
2. 2003-оноос өмнө төгссөн бол Дипломын хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар, Төгссөн сургуулийн архиваас төгссөн тушаалын баталгаажуулсан хуулбарыг заавал авчрах шаардлагатай юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2019 оны "Журам батлах тухай"А/156 дугаар тушаалаар батлагдсан Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журмын дагуу

  • 2019 он болон түүнээс хойш төгссөн бол Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин болон Төрийн үйлчилгээний E-Mongolia цахим системээс авч болно. 
  • 2018 он болон түүнээс өмнө төгссөн бол төгссөн аймгийн боловсролын газар, нийслэлийн харьяалах дүүргийн боловсролын хэлтэст хандан авна.

Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2019 оны "Журам батлах тухай" А/156 дугаар тушаалаар батлагдсан Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журмын дагуу төгссөн аймгийн боловсролын газар, нийслэлийн харьяалах дүүргийн боловсролын хэлтэст хандан авна.

Шагналыг боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулан, амжилттай ажилласан ажилтан, албан хаагчид журамд заасан шаардлагыг үндэслэн яам, Засгийн газрын гэсэн дарааллаар олгоно. Шагналд нэр дэвшүүлэхдээ өмнөх шатны шагналаар шагнагдсанаас хойш 3-аас доошгүй жил тухайн салбартаа тогтвортой ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшнээс өссөн эсэхийг харгалзана.

Шагналыг Дэлхийн /Монголын/ багш нарын өдөр; (жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр, Шинжлэх ухааны ажилтны өдөр (жил бүрийн 11 дүгээр сарын 4 дүгээр долоо хоногийн Ням гараг), “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” тэмдгээр Үндэсний бичиг үсгийн баяр (жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гараг) болон тухайн салбар байгууллагын 50 болон түүнээс дээш 10 жилийн давтамжтай тэгш ой, салбарын дор дурдсан тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус тус олгоно.

Салбарын шагналаар шагнуулахаар хүсэлт гаргаж буй анхан шатны байгууллага, ахмад ажилтан бол өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажиллаж байсан байгууллага нь Дэлхийн /Монголын/ багш нарын өдөр; (жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр, Шинжлэх ухааны ажилтны өдөр (жил бүрийн 11 дүгээр сарын 4 дүгээр долоо хоногийн Ням гараг), тэмдэглэлт өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө  “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” шагналд нэр дэвшигчийн баримт бичгийг яамны шинжлэх ухааны бодлогын асуудал хариуцсан газарт, бусад шагналыг анхан шатны байгууллагын харьяалагдах нутаг дэвсгэрийн боловсролын газар /аймаг, нийслэлийн боловсролын газар, их дээд сургууль бол Их, дээд сургуулиудын консорциум/-т өгнө. Эдгээр байгууллагууд боловсролын салбарын мэдээллийн систем (www.esis.edu.mn)-д цахим хэлбэрээр мэдүүлнэ.

  1. Шагнуулах тухай хүсэлт гаргасан /өмчийн хэлбэр харгалзахгүй/ байгууллагын албан бичиг;
  2. Хамт олны хурлын тэмдэглэл;
  3. Ажил байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт, “Шинжлэх ухааны тэргүүний   ажилтан” шагналд нэр дэвшигч нь бүтээлийн жагсаалт болон патент, ашигтай загварын гэрчилгээ, докторын зэрэг хамгаалуулсныг нотлох баримт;
  4. Батлагдсан загварын дагуу бөглөсөн анкет;
  5. Яамны болон төр засгийн бусад шагналаар шагнагдсан бол тэдгээрийг гэрчлэх үнэмлэхийн хуулбар зэргийг бүрдүүлнэ.

 Шагналын тэмдэг, үнэмлэхийг үрэгдүүлсний улмаас нөхөн авах тохиолдолд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн яаманд хандан, газар дээр нь шийдүүлэх болно.

  1. Өргөдөл эсвэл албан бичиг
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. Шагналын үнэмлэхийн хуулбар, үнэмлэх, жуух нь үрэгдсэн бол шагнасан  тухай тушаалын хуулбар
  4. Мөнгө тушаасан баримт /БШУЯ-ны Төрийн сангийн 100900015003 дансанд тэмдэг үрэгдүүлж нөхөн авахад 10 000 /арван мянга/ төгрөг төлсөн баримт,  үнэмлэх, жуух бичгийг нөхөн авахад үнэгүй.

Онцгойлон хүндэтгэх /гал, усны аюул, төлбөрийн чадвар, Монгол Улсын гавьяат болон түүнээс дээш цолтой гэх мэт/ шалтгааны улмаас үнэ төлбөргүй олгож болно.

Тусламж үйлчилгээ

Чухал холбоосууд