Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өдгөө 90 насны өндөр босгыг даваад буй ХААИС-ийн анхны багш, доктор, профессор Сономдоржийн Ичинхорлоо багшид Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийг гардуулан өглөө.
Монголын бүх агрономчдын багш нь болох энэ сайхан буурлын шавь нараас Хөдөлмөрийн баатар 3, төрийн соёрхолт 3, Шинжлэх ухааны гавьяат ажилтан 10 гаруй, Гавьяат агрономич 39, Хөдөө аж ахуйн доктор 200 гаран төржээ. С.Ичинхорлоо багш мянга мянган дээд боловсролтой мэргэжилтэн бэлдээд зогсолгүй Монгол Улсын төмсний тариалангийн эхийг тавьж, Шиир-6 сортыг бүтээж, эх орондоо олон арван төмсний сортыг нутагшуулжээ.
С.Ичинхорлоо багшийн гэр бүлийн хүн Э.Агваан гуай эрчим хүчний салбарын анхны инженер, Эрчим хүчний гавьяат ажилтан, багшийн хоёр ах нь мөн л гавьяатын эрхэм цолыг энгэртээ гялалзуулсан сайхан хүмүүс байжээ.