“МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” 5 БОТЬ НОМТОЙ БОЛЛОО

A- A A+
“МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” 5 БОТЬ НОМТОЙ БОЛЛОО

Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Ардын Засгийн газрын хурлын шийдвэрээр анх байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Богд хааны зарлигаар батлуулсан билээ.

Энэхүү түүхэн шийдвэр нь Монгол Улсад шинжлэх ухаан хөгжих суурийг тавьж, 100 жилийн хугацаанд Шинжлэх ухааны хүрээлэн, БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон өргөжин хөгжсөн байна.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академиас “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮХ” таван боть бүтээлийг түүхч, академич С.Чулуунаар ахлуулсан зохиогчдын багийг байгуулж, тодорхой төлөвлөгөө, үзэл баримтлалын дагуу туурвисан.

Эдгээр таван боть бүтээлд Монгол Улсад 1921-1930 онд шинжлэх ухааны ажлыг эрхлэн зохион байгуулах анхны төв байгууллага - Судар бичгийн хүрээлэнгийн үүсэл хөгжлөөс салбарын өнөөгийн хөгжлийн түүхийг гэрэл зураг, бодит баримт, салбарын томоохон зүтгэлтэн, нэрт эрдэмтдийн тухай баримт мэдээллийг багтаажээ.