Боловсрол, шинжлэх ухааны яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран "Монгол Улсын Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын үнэлгээ” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.
Хурлаар шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг олон улсын болон үндэсний оролцогч талуудад танилцуулав. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийх Үндэсний багийн ажлын явцтай танилцлаа. Мөн шинэ мастер төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар ЮНЕСКО-ийн олон улсын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцлоо.
ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Д.Баттогтох, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан нар үг хэлж, өөрсдийн байр суурийг илэрхийллээ.