ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ИННОВАЦ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

A- A A+
ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ИННОВАЦ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Шинэ цагийн шинжлэх ухааны ууган байгууллага судар бичгийн хүрээлэн, хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр болж байна. Одоогоос 100 жилийн тэртээ 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамьян гүнг томилон ажиллуулсан түүхтэй.

Судар бичгийн хүрээлэнгийн Анхны дүрмийн нэгдүгээр зүйлд “Монгол Ардын Засгийн газраа зарлигаар тусгай Судар бичгийн хүрээлэн байгуулж, гадаад хэлнээс монгол хэлэнд зүйл бүрийн ухааны ба улс төрд хэрэглэгдэх судар бичгүүд орчуулж авах ба уул монгол хэлээр зохион дэлгэрүүлэх зэрэг явдлыг эрхэлмүй...Монгол газраас элдэв зүйлийн хуучин ном судрыг олж бүтэн хадгалах...” гэхчлэн тодорхойлжээ.

Хүндэтгэлийн хуралдааны эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ салбарын сайдаар томилогдохдоо бүх хүрээлэнд ажилласан. Хэл зохиолын хүрээлэнд ажиллахдаа монгол хэлний үг хэллэг, нэр томьёоны үндэсний хэмжээний хөмрөг байгуулж, олон нийтийн цахим хэрэглээнд нэвтрүүлэх, аман болон уран зохиол, харьцуулсан хэл шинжлэлийн судалгааг шинэ түвшинд гаргаж судалгааны үр дүнг инновац болгохоор ажиллаж байгааг олж харсан. Монгол хэлд инновац шингэж байж хөгжих учиртай. Монгол хэлний үндэсний хөтөлбөрүүдийн үнэлгээг хийх цаг болсон. Үүнд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг онцлон хэллээ.

Нэгэн зууны түүхтэй Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн Монгол Улсынхаа хэл, утга зохиол, сурвалж бичиг, аман билиг зүй, харьцуулсан болон цахим хэл шинжлэл зэрэг шинжлэх ухааны олон салбарын суурь болон хавсарга судалгааг нэр төртэй эрхэлж, улс орны олон том асуудлыг шийдвэрлэж ирсэн онцлогтой.

Хэл зохиолын хүрээлэнгийн 100 жилийн ойг тохиолдуулан эрдэмтэн, судлаачдад шагнал гардууллаа.