ИРЭХ ОНД ЭРДМИЙН ӨРГӨӨ БҮРД ХҮҮХДИЙН ИНЭЭД ЦАЛГИЖ БАЙХ БОЛТУГАЙ

A- A A+
ИРЭХ ОНД ЭРДМИЙН ӨРГӨӨ БҮРД ХҮҮХДИЙН ИНЭЭД ЦАЛГИЖ БАЙХ БОЛТУГАЙ

Монголчууд бидний хувьд улиран одож буй 2021 он алдаа оноо, ололт амжилт, дэлхий нийтийг хамарсан томоохон сорилтуудтай нүүр тулсан жил байлаа.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын тухайд ч эхлүүлсэн олон ажил, эрчимжүүлэх олон зорилттой жил өнгөрлөө. Салбарынхаа хуулийг иж бүрнээр нь их хуралд өргөн барьж, төсөв мөнгөний бодлогоо эрс шинэчилж, 100 дахь хичээлийн жилээ анги танхимдаа угтсан гээд олон амжилтыг нэрлэж болно.

Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах туршилтыг эхлүүлж, анх удаа сургуульд хүлээн авч байгаа хүүхдүүдийнхээ гарааны оношилгоог хийлээ. Сургуулиуд эхнээсээ мэргэшсэн сэтгэл зүйч ажиллуулах болж хоцрогдлоо оношилж, төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ. Сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах олон жилийн мөрөөдөл биелэх боломж бүрдэж их сургуулийнхаа дэргэд эмнэлгийн тогтолцоог бүрдүүлж чадлаа.

Засгийн газар шинжлэх ухааны салбарт онцгой анхаарч 229 дүгээр тогтоолыг батлав. Шинжлэх ухааны каластерын төвийг ойрын жилүүдэд ашиглалтад оруулахаар дор бүрнээ хичээж, зарим хүрээлэнгүүдийнхээ үйл ажиллагааг сэргээж чадлаа.

Боловсролыг эрхэмлэж, шинжлэх ухааныг дэмжигч бүхий л гадаад дотоодын донор байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчид, шинжлэх ухааны салбарын судлаач эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч багш нар, энхрий бяцхан үрс, сурагч, оюутнууд та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ