ОРОН НУТАГТ СУРГАЛТ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
ОРОН НУТАГТ СУРГАЛТ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор их дээд сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэх шийдвэр гаргасан. Тогтоолд зааснаар Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа Эрдэнэт дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх юм. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт хотод ажиллав.

Орхон аймагт МУИС болон ШУТИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Энэ хичээлийн жилд хоёр сургуулийн бакалаврын сургалтад 976 оюутан суралцаж байгаа бол 70 гаруй багш ажилладаг.

Сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах 50 га талбайг орон нутгаас шийдвэрлэж өгсөн. Энэ талбайд хичээлийн болон дотуур байрууд, номын сан, инновацын төв, багш ажилчдын байр, эмнэлэг гээд 10 гаруй барилга бүхий цогцолбор бий болгохоор төлөвлөж байна. Дэд бүтцийн асуудлыг шийдэхээс гадна боловсролын зээлийн сангаар дамжуулан сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, багш ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд мянга хүрэхгүй байгаа оюутны тоог 2025 он гэхэд 5 мянгад хүргэх тооцоолол хийсэн юм.

ШУТИС-ийн харьяа Эрдэнэт дээд сургууль нь дэргэдээ ахлах сургуультай бөгөөд ирэх хичээлийн жилээс Кембриджийн хөтөлбөрийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн цогцолбор гэдэг агуулгаараа дэргэдээ цэцэрлэг, бага сургууль, коллежтой болох зорилт тавьж байгаагаа танилцуулсан юм.

МУИС-ийн харьяа Эрдэнэт сургуулийн тухайд нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Зориулалтын бус хичээлийн байр болон дотуур байраа шинэчлэх, өргөжүүлэх шаардлагатай байгаагаа танилцуулж байлаа.