ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БОЛОН ХУУЛИЙН ТӨСӨЛД САНААЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

A- A A+
ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БОЛОН ХУУЛИЙН ТӨСӨЛД САНААЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-д насан туршийн суралцахуй, ногоон хөгжил, техник технологийн дэвшилд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх, мэргэшлийн түвшний шаталсан бүтцийг хөгжүүлэх, багш, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, тэгш хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх, цахим болон зайн сургалтыг өргөжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын дагуу Техникийн болон мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын болон хуулийн төслийг боловсруулаад байна. 

ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр Монгол Улсын хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын дагуу энэхүү үзэл баримтлалыг боловсруулав.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулах дараах хууль зүйн үндэслэл, практик шаардлага байна.

Нэг. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлага

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-д насан туршийн суралцахуй, ногоон хөгжил, техник технологийн дэвшилд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх, мэргэшлийн түвшний шаталсан бүтцийг хөгжүүлэх, багш, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, тэгш хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх, цахим болон зайн сургалтыг өргөжүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т томоохон бүтээн байгуулалт, үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ хотхон, дадлагын бааз байгуулж, санхүүгийн бие даасан байдлыг хангах зорилтыг тусгасан.

Түүнчлэн “Боловсролын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө 2030”-ийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын зорилгод иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварын хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, олон улсын түвшинд нийцүүлэн МБС-ын чанарыг сайжруулах; иргэд насан туршдаа суралцаж, мэдлэг, ур чадвар эзэмших, мэргэшлийн түвшин дээшлүүлэх, тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан нь энэхүү хуулийг шинэчлэх найруулах эрх зүйн үндэс болох юм.  

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-аас 2019 онд хийсэн “Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлогын тойм шинжилгээний тайлан”-д мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүгийн тогтолцоог оновчтой болгох, менежментийн үр нөлөөг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг бүх насны хүмүүсийн сургалтын хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг мэргэжлийн боловсрол, сургалтад үр дүнтэй ашиглахтай холбоотой асуудлуудыг зөвлөмжилсөн байна.

Үндэсний мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байгаа мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог бүтээн байгуулалтын томоохон зорилттой уялдуулах, олон улсын жишигт нийцүүлэх, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан салбар хоорондын зохицуулалтыг хэрэгжүүлэх удирдлагын оновчтой бүтэц, санхүүжилтийн шинэ механизмыг бий болгох шаардлагатай байна. Гадаад, дотоодын үйлдвэр, ажлын байр болон амьдралын орчноос бие даан эзэмшсэн ур чадвар, чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, хүлээн зөвшөөрөх, ахисан түвшинд дэвшин суралцахтай холбоотой эрх зүйн зохицуулалт дутмаг байна.

Техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн суралцагчийн академик түвшинд дэвшин суралцах боломжийг нээх, тэдний сурч боловсрох эрхийг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, тэдэнд хувилбарт сургалтын хөтөлбөрийг санал болгох нь нийгмийн эрэлт шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс үүсэн бий болж буй зайлшгүй хэрэгцээ юм. Мөн техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн шатлалыг боловсронгуй болгож, дээд боловсролын мэргэжлүүдийн ялгаатай байдлыг тодорхойлж, академик ба мэргэшин суралцах чиглэлийг сонгон хөтөлбөрийн шатлал, дүйцлийг бий болгох, мөрдөх эрх зүйн орчин шаардлагатай байна.

Иргэн насан туршдаа суралцах, ур чадвар, мэргэжил эзэмших, мэргэших, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэшлийн түвшний шаталсан бүтцийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй.

Ажил, мэргэжлийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, мэргэшлийн түвшин бүрд нийцсэн сургалтын хөтөлбөрийг сургалтын байгууллага өөрөө боловсруулах, тасралтгүй сайжруулах, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Аж үйлдвэрийн хувьсгал, ногоон хөгжил, дижитал шилжилт нь салбарын инновац, судалгаа шинжилгээний чадавхыг дээшлүүлэх, сургалтын агуулга, технологийг цаг тухайд нь шинэчилж байх бодит шаардлагыг бий болгож байна.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын багш, хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо бүрдээгүй байгаа нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Багшийн мэргэшил, ажлын үнэлгээ, цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмж, чанар, үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулах, нийгмийн баталгааг сайжруулах хэрэгцээ байна. Сургалтын байгууллагын удирдах ажилтныг сонгон шалгаруулах, томилох, тогтвортой ажиллуулах зохицуулалтыг шинэчилж, сургалтын чанар, үр дүн, менежментийн чадавхыг дээшлүүлэх шаардлага үүсч байна.

Сургалтын байгууллагын удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийн талаарх одоогийн эрх зүйн орчин дутмаг, сургалтын байгууллагын бие даасан байдал хангалтгүй байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага 220 гаруй мэргэжлээр сургалт эрхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 60 гаруй хувь нь түгээмэл 40 орчим ижил мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаагаас үзэхэд давхардуулан сургах, эрэлттэй мэргэжлээр ажилтан бэлтгэх хүрээ явцуу, төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалтын үр өгөөж тааруу байх зэрэг сөрөг үр дагавар бий болсон. Иймд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүсчилсэн хөгжил, эдийн засгийн бүтэц, үйлдвэржилт, томоохон бүтээн байгуулалт, газар зүйн байршил, хүн амын төвлөрөл, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, сургалтын байгууллагын онцлог, чадавх, нөөц, холбогдох судалгааны үр дүн зэрэг хүчин зүйлийг харгалзан төрөлжүүлэн хөгжүүлэх бодит шаардлага бий болсон. Сургалтын байгууллагын хэв шинж, сургалтын хэлбэр зэргийг оновчтой болгох, мэргэжил, боловсрол олгох, мэргэшүүлэх сургалтын ялгаа, залгамж холбоог нарийвчлан зохицуулах хэрэгцээ үүссэн.

Үйлдвэржилт, шинэ технологийн хурдацтай хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй холбоотойгоор мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд тавигдах шаардлага, төсвийн зардал байнга өсөж байна. Иймд мэргэжлийн боловсрол, сургалтын санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох шаардлага бий болсон. Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөв санхүүжилтийн зохицуулалтыг холбогдох хуультай нийцүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилж, нэг суралцагчийг сургах зардлыг бодитой тооцох, төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, чанар, үр дүн, гүйцэтгэлтэй уялдсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хэрэгжүүлэх, олон эх үүсвэр бүхий санхүүжилттэй болгох, сургалтын байгууллага төсөв, өөрийн орлогоо захиран зарцуулах боломжийг өргөжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Хоёр.Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

Хуулийн төслийг иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан шинжлэх ухаан, технологийн хөгжил, боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх, мэргэшүүлэх, хөдөлмөрийн соёл төлөвшүүлэх зорилгыг удирдлага болгон боловсруулна. Хуулийн төсөл нь иргэн албан ба албан бус хэлбэрээр тасралтгүй сурч, боловсрох, хөдөлмөр эрхлэх ур чадвараа ахиулах насан туршийн суралцахуй, амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг хамаарна. Дээрх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийн хуваарилалтыг энэ хуулиар зохицуулна.

Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шаардлагын дагуу шинэчилсэн найруулгын төсөл хэлбэрээр боловсруулна. Төсөл нь 7 бүлэгтэй байх бөгөөд “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль” гэсэн нэртэйгээр боловсруулна.

1 дүгээр бүлэг. Нийтлэг үндэслэлийн хүрээнд:

Хуулийн зорилго, зорилт,үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго, зарчмын асуудлыг тусгана. Иргэний албан бус болон амьдрах орчноос эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулах харилцаа, цэрэг, цагдаа аюулгүй байдлын байгууллагын мэргэжлийн боловсрол, сургалт зохион байгуулах харилцааг тусгайлан тусгана (тус салбаруудын онцлог шаардлагаас хамаарах учир).

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой нэр томьёоны тодорхойлолтыг боловсролын ерөнхий болон дагалдах хуулиудтай нийцүүлнэ.

2 дугаар бүлэг. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, стандарт, хөтөлбөрийн хүрээнд:

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, түүнийг мэргэшлийн үндэсний шаталсан бүтэцтэй нийцүүлэх, заавал судлах агуулга болон боловсрол, сургалтын агуулга, стандартад суурилсан, хувилбарт хөтөлбөрийн зохицуулалт, агуулгын дээд болон доод түвшний залгамж холбоо, уялдаа, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагатай уялдах, сургалтын уян хатан хэлбэр, хэв шинжүүд, цахим болон зайн, мөн хосолсон сургалт, албан бус болон амьдралын орчин дахь суралцахуйтай холбоотой зохицуулалтыг тусгана.

3 дугаар бүлэг. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хүрээнд:

Сургалтын байгууллагын үйл ажиллагаа, хэв шинж, боловсролын түвшний шатлал, салбар дундын дадлагын бааз, хотхон, чадамжийн төв, сургалтын орчин, сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, татан буулгах, удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийн зохицуулалтыг энэ бүлэгт тусгана

4 дүгээр бүлэг. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын харилцаанд оролцогчдын хүрээнд:

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, багшийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх тогтолцоо, сургалтын орчин, тэгш хамран сургалт, багш, суралцагч болон бусад ажилтны нийгмийн баталгаа, хувийн хэвшлийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, түншлэлийг хөгжүүлэх зохицуулалтыг тус тус тусгана.

5 дугаар бүлэг. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцооны хүрээнд:

Чанарын удирдлага, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөл, чанарын үнэлгээ, магадлан итгэмжлэл, дотоод чанарын баталгаажуулалт болон мэргэжлийн боловсрол, сургалтын судалгаа шинжилгээний чадавхыг бүрдүүлэх, салбарын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, хөгжлийн хандлагыг судалгаа, нотолгоонд суурилах, томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх зохицуулалтыг тусгана.

6 дугаар бүлэг. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлагын тогтолцооны хүрээнд:

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, томилгоо, эрх, үүргийг боловсронгуй болгох, нийгмийн түншлэл, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлыг төрийн захиргааны байгууллага эрхлэх зохицуулалтыг тусгана.

7 дугаар бүлэг. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төсөв, санхүүжилтийн хүрээнд:

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын төсөв санхүүжилт, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан, олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, дэмжих сангийн үйл ажиллагаа, санхүүжилтийн хяналтыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага өөрийн орлогоо захиран зарцуулж, байгууллагын хөгжил, багш ажилтны нийгмийн асуудлыг дэмжих боломж олгох зэрэг зохицуулалтыг тусгана.

Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, хүрэх үр дүн

Хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дагавар, үр дүн гарна. Үүнд:

  1. Мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлэх, түншлэл, салбар хоорондын зохицуулалтыг хангах Үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн үйл ажиллагаа тогтвортой болж салбар хоорондын уялдаа хангагдана.
  2. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь үйлдвэржилтийн хөгжил бүс нутгийн эдийн засгийн онцлогт тулгуурлан төрөлжин хөгжиж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д дэвшүүлсэн зорилтын хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийн үр нөлөө дээшилж хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэй ажилтны эрэлт, хэрэгцээ хангагдаж зохистой харьцаа бүрдэнэ.
  3. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын ангилал, хэв шинж, бүтэц боловсронгуй болж, хотхон хэлбэрээр төрөлжин хөгжих замаар  чанар сайжирч, илүү чадварлаг, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн төгсөгчийг бэлтгэнэ.
  4. Мэргэжлийн багш бэлтгэх, тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо бий болсон байна.
  5. Төгсөгчдийн шатлан суралцах боломж нээгдэж, кредит шилжүүлэх, хөрвөн сурах боломжтой болно.  
  6. Иргэн мэргэжлийн боловсрол, сургалтын чанартай, тэгш хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй үйлчилгээ хүртэж, хүсэл сонирхол, хэрэгцээндээ нийцсэн мэргэжил, ур чадварыг эзэмшиж, мэргэшлийн түвшин ахиулах, үнэлүүлэх ижил боломж, үүнтэй холбоотой нийгмийн баталгаагаар хангагдана.
  7. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн стандарт болон сургалтын орчны стандартад нийцүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилт, сайжруулалтын механизм болон түүнд ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоог хангах, иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах зохицуулалт бий болсон байна.
  8. Удирдах зөвлөл төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжтой нийцүүлэн сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөө батлах, төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, ажлын үр дүн, гүйцэтгэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүргийг хүлээх зохицуулалтуудыг тусгаж, удирдах зөвлөлийн чиг үүрэг нэмэгдсэн байна.
  9. Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдсэн байна.
  10. Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага мэдээллийн сан бий болж, салбарын судалгаа шинжилгээний чадавх сайжирч, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаа төлөвшинө. Мөн төр, иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, олон нийт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодит мэдээллээр хангагдана.
  11. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, олон эх үүсвэр бүхий үр өгөөжтэй санхүүжилтийн тогтолцоо бүрдэнэ. Чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэ загварт шилжиж, түүнд үндэслэсэн нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлснээр сургалт, дадлагын чанарыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж, төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэн ажлын байртай болгоход бодитой ахиц гарна. Сургалтын байгууллага төсөв болон өөрийн орлогоо захиран зарцуулах зохицуулалтыг тусгаснаар байгууллагаа хөгжүүлэх, багш, ажилтны нийгмийн баталгааг хангах боломж өргөжнө.
  12. Мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн тодорхой ур чадвар, чадамж олгох сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулдаг болсон байна.

Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай уялдсан байдал, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий болон дагалдах хуулийн шинэчилсэн найруулгатай нийцсэн.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Засан захиргаа, нэгжийн тухай хууль гэх мэт 2022 оны 1 сараас мөрдөгдөж буй бусад холбогдох хуулиудтай нийцсэн.

Энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль хүчингүй болно.

--o0o--

ТӨСӨЛ

                                                   МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2022 оны ... дугаар

сарын ...-ний өдөр

            Улаанбаатар 

                     хот

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ,

СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ                                                                                                                                 НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

 

1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогчдын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж

2.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

            3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Иргэн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар эзэмших,  мэргэшлийн түвшнээ ахиулах(дээшлүүлэх), тасралтгүй хөгжихтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2. Энэ хууль нь өмчийн аль ч хэлбэрт түшиглэн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг зохион байгуулах хуулийн этгээдэд хамаарна.  

3.3.Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.4.Энэ хуулийн 3.2 дахь хэсэгт зааснаас гадна цэрэг, цагдаа, аюулгүй байдлын байгууллагын харьяа мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, боловсролын баримт бичиг олгох харилцааг энэ хуулиар, бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“чадамжид суурилсан сургалт”[1] гэж ажил мэргэжлийн стандартад тодорхойлсон чадамжийг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг;

4.1.2.“чадамж”[2] гэж тодорхой ажил мэргэжлийн үүрэг, ажилбарыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлага түүнийг хэрэглээнд оруулах чадварыг;

4.1.3.“чадамжийн нэгж”[3] гэж тухайн ажил мэргэжлийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон ажил мэргэжлийн стандартын болон сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгийг;

4.1.4.“мэргэжил”[4] гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах харилцан уялдаа холбоо бүхий чадамжийн багцыг;

4.1.5.“мэргэшил”[5] гэж олон улсын, үндэсний болон салбарын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, сургалтын тодорхой шатлалын хөтөлбөрийг амжилттай дүүргэснийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний илэрхийлэл бөгөөд үүнийг холбогдох баримт бичгээр баталгаажуулахыг;

4.1.6.“мэргэшлийн түвшин”[6] гэж мэргэшлийн үндэсний хүрээнд тодорхойлсон харгалзах түвшний мэдлэг, ур чадвар, хандлага эдгээрийг зохистой ашиглах чадвар, чадамжийн цогцыг;

4.1.7.“чанарын баталгаажилт” гэж гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилгоор холбогдох талууд зөвшилцөж тогтсон чанарын үзүүлэлтийг хэрхэн хангаж байгааг үнэлэх, чанар, үр дүнг тасралтгүй дээшлүүлэх, баталгаажуулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг;

4.1.8 “мэргэжлийн сургалт”[7] гэж хувь хүний ​​хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн, тодорхой мэргэжлийн ажилбарыг гүйцэтгэх ур чадвар эзэмшүүлэх, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл, аж ахуй эрхлэлтийн мэдлэг эзэмшүүлэх үйл ажиллагааг;

4.1.9.“мэргэжлийн боловсрол”[8] гэж тодорхой ажил, хөдөлмөрийг  мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлагад нийцүүлж албан болон албан бус сургалтын хэлбэр, амьдралын орчноос эзэмшсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёл, төлөвшлийг;

4.1.10.“техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж, зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшүүлэх үйл ажиллагааг;

4.1.11.“мэргэшүүлэх сургалт”[9] гэж мэргэжил эзэмшсэн иргэн мэргэжлийн чиглэлээр давтан сурах, мэргэжлийн ур чадвараа шинэчлэх, мэргэшлийн түвшин ахиулахад чиглэсэн эрчимжүүлсэн богино хугацааны сургалтын үйл ажиллагааг;

4.1.12. “хөндлөнгийн үнэлгээ” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, шаардлагыг хангаж буй эсэхэд хараат бусаар хийх үнэлгээ;

4.1.13.“дотоодын баталгаажилт” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, шаардлагын хэрэгжилтийг үнэлэх, хянаж шинжлэх, удирдлагын шийдвэрийг оновчтой болгоход чиглэсэн байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт.

5 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго

5.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, чадамж, мэргэжил эзэмших, мэргэшлийн түвшин ахиулах (дээшлүүлэх), тасралтгүй хөгжих хэрэгцээг хангахад оршино.

6 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зарчим    

6.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

6.1.1.эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

6.1.2.сургалтын хөтөлбөр, хугацаа уян хатан байх;

6.1.3.хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцэх;

6.1.4.нийгмийн түншлэлд суурилах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН

АГУУЛГА, ХӨТӨЛБӨР, СТАНДАРТ

7 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулга

7.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулга нь үндэсний мэргэшлийн хүрээ, ажил мэргэжлийн стандартад нийцсэн агуулгын залгамж холбоотой, эрх бүхий байгууллагын баталсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр тодорхойлогдоно.  

7.2.шатлан суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор агуулгыг багц цагаар хэмжиж, сургалтын хөтөлбөрийг дараагийн шатны боловсролын агуулгатай уялдуулна.        

7.3.мэргэжлийн сургалтын агуулга нь тодорхой түвшний чадамжийг эзэмшүүлэхэд чиглэнэ.

7.4.мэргэжлийн боловсролын агуулга нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, ажил үүргийг үр дүнтэй гүйцэтгэх, өрсөлдөх, хөрвөх чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай иргэнийг бэлтгэх, бүрэн дунд боловсролыг хослуулан эзэмшүүлэхэд чиглэнэ. 

7.5.техникийн боловсролын агуулга нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, техник, технологийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн, асуудал шийдвэрлэх, өрсөлдөх чадвартай, бүтээлч, ёс зүйтэй, хариуцлагатай иргэнийг бэлтгэхэд чиглэнэ.

            8 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр

8.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаас гадна дараах агуулгыг тусгаж өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага хэрэгжүүлнэ:

8.1.1.мэдээллийн болон техник, технологи, гадаад хэл;    

8.1.2.байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес аж ахуй эрхлэх, ногоон ур чадвар;

8.1.3.түүх дурсгал, соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах;

8.1.4.асуудал шийдвэрлэх, өрсөлдөх чадвар, бүтээлч, ёс зүй, хариуцлага, хандлагыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

8.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэнэ.

8.3.мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөр нь суралцагчийн ур чадварын түвшин, хөгжлийн бэрхшээлтэй болон ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн онцлог хэрэгцээ, ажил олгогчийн шаардлагад нийцсэн хосмог, ажлын байран дахь, үйлдвэрлэлийн  сургалтын уян хатан хувилбартай байна.

8.4.мэргэжлийн болон техникийн боловсролын олон улсын болон хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.

8.5.техникийн боловсролын сургалтын байгууллага нь үндсэн хөтөлбөрийн зэрэгцээ мэргэжлийн боловсролын, мэргэжлийн сургалтын, ерөнхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.

8.6.мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь үндсэн хөтөлбөрийн зэрэгцээ мэргэжлийн сургалтын болон ерөнхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж болно.

8.7.мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг бүрэн дунд боловсролын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж болно.

8.8.сургалтын хөтөлбөрийг боловсруулах, батлах, бүртгэх журам, сургалтыг зохион байгуулахад тавигдах нийтлэг шаардлага, журмыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын стандарт

9.1 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт, үнэлгээний орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн мэргэшилд  тавигдах нийтлэг шаардлагыг стандартаар тодорхойлно.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага батална.

9.3.Энэ хуулийн 9.1-д заасан стандартын хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

10 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага

10.1.мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран техникийн боловсролын, мэргэжлийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.       

10.2.техникийн боловсролын сургалтын байгууллага нь политехник коллеж байна.

10.3.мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн боловсролын сургууль байна.

10.2.техникийн боловсролын сургалтын байгууллага нь политехник коллеж байна.

10.3.мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн боловсролын сургууль байна.

10.4.мэргэжлийн сургалтын байгууллага нь богино хугацааны сургалтын төв байна. Сургалтын төв нь мэргэжлийн анхан шатны ур чадвар эзэмшүүлэх, мэргэшүүлэх сургалтыг эрхлэх бөгөөд бие даасан, эсвэл байгууллагын харъяаллын нэгж хэлбэртэй байж болно.

10.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг эдийн засаг, үйлдвэржилт, хүн амын төвлөрөл, бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу мэргэжлийн чиглэлээр сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн  цогцолбор, хотхон, салбар дундын дадлагын бааз байдлаар төрөлжүүлж болно.

10.6.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нэгж, чадамжийн төв, гарааны компани, бизнес инкубатор төвтэй байж болно.

10.7.цогцолбор, хотхон, салбар дундын дадлагын бааз, чадамжийн төв байгуулах шалгуур үзүүлэлт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.8.чадамжийн төв нь мэргэжлийн багшийг чадавхжуулах, мэргэжилтэй ажилтныг мэргэшүүлэх, өмнө эзэмшсэн мэдлэг, ур чадварыг үнэлэх, инноваци технологи, шилдэг туршлагыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй байна.

10.9.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнээс хамааран мэргэжлийн боловсролын дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий сургалтын байгууллага байж болно.

11 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах

11.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг Боловсролын ерөнхий хуулийн 21.1 дүгээр зүйлд зааснаас гадна энэ хуулийн 9.1 заасан стандарт шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгуулна.

11.2.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

11.3.төрийн бус өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг үүсгэн байгуулагч, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

11.4.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

11.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах тохиолдолд Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасныг удирдлага болгоно.  

11.6.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалт эрхлэх, шинэ мэргэжлээр сургалт явуулах, олон улсын хөтөлбөртэй болон гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Боловсролын ерөнхий хуулийн 21, 22, 23, 25 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 3, 4, 5 дугаар заалтаар зохицуулна.

11.7.сургалтын үйл ажиллагаа эрхлэх, шинэ мэргэжлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам, бүрдүүлэх бичиг баримтын загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.8.Энэ хуулийн 10.4 заасан сургалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11.2-т заасан хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага тусгай зөвшөөрөлд тусгагдсан мэргэжлийн чиглэлээр эрхэлж болно.

11.9.Энэ хуулийн 10.4 заасан мэргэжлийн сургалтын байгуулгыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зохион байгуулалт

12.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын нэгж нь тэнхим, баг байна.

12.2.сургалтын байгууллагад сургалт арга зүйн зөвлөл, мэргэжлийн салбар зөвлөл ажиллана.

12.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь  багш хөгжлийг дэмжих, суралцагчдад үйлчлэх, мэдээллийн үйлчилгээний төвтэй байна.

12.4.Үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь заалтад үндэслэн зохион байгуулж болно.

12.5.мэргэжлийн болон техникийн боловсролын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа, зохион байгуулалтыг сургалтын төлөвлөгөөгөөр зохицуулна.

12.6.мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын үргэлжлэх, дуусах хугацааг элсэгчдийн хүсэл сонирхол болон тухайн мэргэжлийн онцлог, чадамжийн нэгжийн агуулгаас хамаарч уян хатан зохицуулж болно.

13 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчин

13.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь энэ хуулийн 9.1-д заасан орчны стандартын шаардлага хангахаас гадна дадлагын газар, номын сан, дотуур байр, соёл, биеийн тамирын заалтай байна.

13.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн суралцах, хөгжих үйлийг дэмжих, ганцаарчилсан сургалт болон багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах зориулалтын өрөө, танхимтай байна.

13.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь салбар дундын дадлагын бааз, чадамжийн төв, түшиц газар, туслах аж ахуй эрхлэх орчин бүрдүүлсэн байна.

13.4.сургалтын орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтална; 

13.4.1.мэргэжлийн онцлогоос хамаарсан сургалтын танхим, лаборатори, дадлагын газар, машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг байгальд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжсэн  сургалтын орчин бүрдүүлнэ;

13.4.2.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд тохирох хүртээмжтэй орчинтой байна.

14 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэх

14.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, энэ хуулийн 27.1-д заасан Үндэсний зөвлөл батална.

14.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14.3.өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээнд тэнцсэн  иргэний элсэлтийг жилд хоёр удаа зохион байгуулж болно. Энэ тохиолдолд Төсвийн тухай хуулийн 6.2.5 дахь заалтыг үндэслэл болгоно.

15 дугаар зүйл.Боловсролын баримт бичиг

15.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн иргэнд Боловсролын ерөнхий хуулийн 9.1, 9.2 дахь заалтыг үндэслэн дараах боловсролын баримт бичгийг олгоно:

15.1.1.мэргэшлийн тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ;

15.1.2. мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж мэргэжил эзэмшсэн иргэн, төгсөгчид мэргэжлийн үнэмлэх;

15.1.3.техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан төгсөгчид диплом.

15.2.иргэн цаг хугацаа, сургалтын хэлбэрээс үл хамааран тухайн мэргэжлийн чадамжийн нэгжийг бүрэн эзэмшиж үнэлүүлсэн тохиолдолд энэ хуулийн 15.1.2-д заасан боловсролын баримт бичгийг олгоно.

15.3.иргэний албан бус сургалт, амьдралын орчноос эзэмшсэн чадамжийг үнэлж, баталгаажуулсныг нотлох эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн сургалтын байгууллага зохих түвшний баримт бичгийг олгоно.

15.4.Энэ хуулийн 15.1.1-д заасан баримт бичгийн загвар, баримт бичиг бүрдүүлэх, олгох, лавлагаа мэдээллээр хангах журмыг боловсролын асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын эрх, үүрэг

16.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага дараах эрхтэй:  

16.1.1.Удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр суралцагчаас сургалтын төлбөр авах;

16.1.2.өөрийн эзэмшлийн өмч хөрөнгийг зориулалтын дагуу дангаар болон бусадтай хамтран ашиглах, сургалт, судалгаа, инновацийн чиглэлээр үйлдвэрлэл, төлбөртэй үйлчилгээ эрхлэх;

16.1.3.өөрийн үйл ажиллагаанаас гадна Төсвийн тухай хуулийн 44.1-д заасан туслах үйл ажиллагаанаас орлого олох;

16.1.4.туслах үйл ажиллагааны үр дүнд бий болох ашгийг Төсвийн тухай хуулийн 44.5.1-44.5.3-т заасан зүйлд зарцуулах.

16.1.5.гадаад, дотоодын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, бусад этгээдтэй өөрийн эрх хэмжээний асуудлаар, гэрээ хэлэлцээр байгуулах;

16.1.6.иргэдийн боловсрол, ур чадвар, соёлын түвшинг дээшлүүлэх нийгмийн халамж, хүмүүнлэгийн чиглэлийн үйлчилгээ үзүүлэх;

16.1.7.суралцагчийг дадлагажуулах, төгсөгчийг ажлын байранд зуучлах.

16.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага дараах үүрэгтэй:

16.2.1.тусгай зөвшөөрөл, стандартын шаардлагыг хангаж холбогдох стандарт, хөтөлбөрийн дагуу чанартай зохион байгуулах, сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

16.1.2.суралцагч, багш, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

16.2.3.суралцагчийн, иргэний мэргэжил, ур чадварыг зохих журмын дагуу үнэлэх, баталгаажуулах;

16.2.4.суралцагч, багш, ажилтны үр бүтээлтэй ажиллах, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах;

16.2.5.хүүхэд, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлийн тодорхой ур чадвар, чадамж олгоход чиглэсэн хөтөлбөрийг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах;

16.2.6.түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, төгсөгчийг ажлын байртай болгоход аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хариуцах;

16.2.7.төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламжид хамрагдах тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөх;

16.2.8. хуулиар хүлээлгэсэн бусад үүрэг.

16.3.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, зан үйл, бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ДӨРӨВ ДҮГЭЭР БҮЛЭГ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН
СУРГАЛТЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧИД

17 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын багш, ажилтан

17.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын багш нь Боловсролын ерөнхий хуулийн 12.3 зааснаас гадна доор дурдсан ерөнхий шаардлагыг хангана:

17.1.1.мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын багш тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, мэргэшлийн өндөр ур чадвартай, багшлах эрхтэй;

17.1.2.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллах багш  суралцагчийн онцлогт тохирсон арга зүй эзэмшсэн байна. /согог зүйч багшаар бэлтгэгдсэн/

17.1.3.аж ахуйн нэгж байгууллагаас үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй дадлагын мастер багш урьж ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд багшлах эрхгүй байж болно.

17.2.мэргэжлийн сургалтыг удирдах багш нь үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэжлийн зэрэгтэй, багшлах эрхтэй байна.

17.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын багш Боловсролын ерөнхий хуулийн 13.1-д зааснаас гадна дараах эрхтэй:

17.3.1.өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээний орлогоос хувь ногдол, ашиг хүртэх;

17.3.2.гурван жил тутамд мэргэшүүлэх сургалтад хамрагдах;                    

17.3.3.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу гэрээгээр ажиллах, мэргэшил дээшлүүлэх, зөвлөгөө өгөх;    

17.3.4.шинэ техник, технологи эзэмших, дадлага хийх;

17.3.5.ажил мэргэжлийн стандарт боловсруулахад оролцох;

17.3.6.бүтээлийн чөлөө авах;

17.4.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын багш Боловсролын ерөнхий  хуулийн 13.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

17.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын холбогдох хөтөлбөрийн дагуу суралцагчид мэргэжил, мэргэшлийн чадамж эзэмшүүлэх ажлыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх;

17.4.2.инноваци, шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтад нэвтрүүлэх, сургалтын идэвхтэй, шинэлэг арга зүйг үр өгөөжтэй ашиглах;

17.4.3.сургалтын хөтөлбөрийг боловсруулах, шинэчлэх, сургалт, дадлага удирдах явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах, сургалтын байгууллага, багшийн болон суралцагчийн суралцахуй, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох;

17.4.4.багш шинэ техник, технологи эзэмших, дадлага хийх, сургалт хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдахдаа сургалтын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;

17.4.5.мэргэжлийн багш аж ахуйн нэгж, байгууллагад жил бүр дадлагажиж, мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх;

17.4.6.гадаад хэл, цахим ур чадварт суралцах, мэргэшил, ур чадвараа үнэлүүлэх;

17.4.7.багш, ажилтны ёс зүйн дүрмийг баримтлах;

17.4.8.Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу холбогдох ажилтан, асран хамгаалагчтай хамтран сургуулийн орчин дахь хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх;

17.4.9.хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг холбогдох ажилтан, албан хаагчтай хамтран шийдвэрлэх.

17.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын багш нь Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаас гадна дараах нөхцөлөөр хангагдана:

17.5.1.хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, төлбөр, ажлын гүйцэтгэлд суурилсан урамшуулал авах, холбогдох хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт эдлэх;

17.5.2.хөдөлмөрийн онцлогийг харгалзан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, дэд захирал, сургалтын менежер, арга зүйч ажлын 15, багш, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

17.5.3.өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, сургалтын менежер, арга зүйч Боловсролын ерөнхий хуулийн 13.3-д заасан баталгаагаар хангагдахаас гадна тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох;    

17.5.4.өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын захирал, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, нийгмийн түншлэл-үйлдвэрлэлийн сургалтын арга зүйч, дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ажилтан, цахим сургалтын агуулга хөгжүүлэлт хариуцсан, тоног төхөөрөмж, цахим сүлжээ, мэдээллийн сан хариуцсан ажилтан болон эмч, нягтлан бодогч, тогооч, үнэлгээ, бүсийн арга зүйн төвийн менежер, арга зүйчид мэргэжлийн болон техникийн боловсрол,  сургалтын байгууллагад тасралтгүй ажилласан таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох.

17.6.Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багшлах эрх олгох, хүчингүй болгох журам, багшийн сургалтын ажлын ачаалал, багц цаг тооцох журам, багшийн мэргэшлийн ур чадварын түвшин тогтоох, үнэлэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа

18.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагч Боловсролын ерөнхий хуулийн 10.1-д зааснаас гадна дараах эрхтэй:

18.1.1.сургалтын техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах;

18.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан нөхцөл боломжоор хангагдахаас гадна дагалдан ажилтны орон тоонд ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх.

18.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

18.2.1.сургууль дээрх дадлагын үед байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах;

18.2.2.үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг баримтлах, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан гурван талт гэрээг сахин биелүүлэх.    

18.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

18.3.1.Боловсролын ерөнхий хуулийн 11.4-т заасан Засгийн газраас тогтоосон хэмжээ, баталсан журмын дагуу тэтгэлэг авах;

18.3.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад анх удаа суралцаж буй суралцагчийн суралцсан хугацааг хөдөлмөр эрхэлсэн хугацаанд тооцуулж, нийгмийн даатгалын шимтгэл төрөөс төлүүлэх.

19 дүгээр зүйл.Насанд хүрээгүй суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

19.1.Эцэг эх, асран хамгаалагч нь Боловсролын ерөнхий хуулийн 45.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах эрхтэй:

19.1.1.хүүхдийнхээ сурлага, хандлага, төлөвшлийн талаар багш, удирдлагатай санал бодлоо солилцох, мэдээлэл авах;

19.1.2.багш, ажилтны ёс зүйн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэх, шийдвэрлүүлэх;

19.1.3.хууль тогтоомжид заасан бусад эрх.

19.2.Эцэг эх, асран хамгаалагч нь Боловсролын ерөнхий хуулийн 45.2-т зааснаас гадна дараах үүрэгтэй:

19.2.1.сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцах, эргэх холбоотой ажиллах;

19.2.2.нийгэм, соёл, хүмүүжлийн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;

19.2.3.хүүхдийнхээ суралцах, мэргэжил эзэмших үйл ажиллагаанд байнга хяналт тавих; 

19.2.4.гэр бүлийн орчинд бие даан суралцах нөхцөлийг бүрдүүлэх;

19.2.5.мэргэжлийн ур чадварын уралдаан тэмцээн болон сургалтын байгууллагын орчноос гадуурх нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх;

19.2.6.сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын багийн гишүүнээр ажиллах, хүүхдээ гэмт хэрэг зөрчил, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, ажилтантай хамтран ажиллах;

19.2.7.хүүхдийнхээ авьяас, мэргэшлийн ур чадварыг нээн хөгжүүлэх;

19.2.8.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

20 дугаар зүйл.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

20.1.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах эрхтэй:

20.1.1.сургалт, үнэлгээний орчны стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулахад оролцох, сайжруулах талаар санал өгөх;

20.1.2.энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн үнэлгээг зохион байгуулахад хамтран ажиллах;

20.1.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.9-д заасан зардал, дэмжлэг, хандив, хөрөнгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасуулах;

20.1.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд энэ хуульд заасан журмын дагуу төлөөлөл оролцуулах;

20.1.6.иргэнд мэргэжлийн чиг баримжаа, ажилтны мэргэшил дээшлүүлэх, мэргэшлийн чадамж эзэмшүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах;

20.1.7.иргэний хүсэл сонирхол, чадавх, боломжид нийцүүлэн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх.

20.2.Түншлэгч аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэгтэй:

20.2.1.мэргэжилтэн бэлтгэх, мэргэшил дээшлүүлэхтэй холбогдсон мэдээлэл, захиалгыг мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн нэгдсэн санд байршуулах;

20.2.2.үйлдвэрлэлийн дадлагын дагалдан суралцах гурван талт гэрээг үндэслэн эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлийн дагуу, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг хүлээн авч үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нөхцөл, боломжоор хангах, үр дүнг хамтран дүгнэх;

20.2.3.үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг зохион байгуулах, мэргэшлийн ур чадвар эзэмшүүлэх үүрэг бүхий бэлтгэгдсэн дадлагажуулагч инженер-техникийн ажилтан ажиллуулах;

20.2.4.үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх талаар мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарыг мэдээллээр хангах, судалгаа, туршилт хийх, инновацийг хамтран хөгжүүлэх;

20.2.5.багш, инженер-техникийн ажилтны мэдлэг, чадварыг ижил түвшинд хөгжүүлэхэд, багшийг үйлдвэрлэлийн шинэ техник технологи дээр дадлагажуулахад дэмжлэг үзүүлэх;

20.2.6.мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих, сургалтын байгууллагыг бэхжүүлэх, сургалтын орчин бүрдүүлэх, шинэчлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

20.2.7.үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулахдаа дагалдан суралцах гурван талт гэрээ байгуулах бөгөөд гүйцэтгэсэн үүрэгт нь дүйцэхүйц цалин хөлсийг олгох.

ТАВДУГААР БҮЛЭГ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖИЛТ

 

21 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанарын баталгаажилтын бүрэлдэхүүн, арга зам

21.1.Иргэний мэргэшлийн ур чадвар, ажил олгогчийн шаардлагыг хангахад чиглэсэн сургалтын үр дүн, чанарыг тасралтгүй сайжруулах үндсэн хэрэгсэл нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанарын баталгаажилтын тогтолцоо байна.

21.2.Чанарын баталгаажилтыг дараах арга замаар хэрэгжүүлнэ:

21.1.1.дотоодын баталгаажилт;

21.1.2.чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээ;

21.1.3.төгсгөгчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах;

21.1.4.магадлан итгэмжлэл.

21.3.хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, эрэлт, хэрэгцээнд нийцсэн шинэ ур чадвар, мэргэжлийн чиг хандлага, чиглэлийн талаарх мэдээллийг хөдөлмөрийн судалгааны байгууллага жил бүрийн эхний хагаст шинэчлэн бэлтгэж Засгийн газрын байгууллага, Үндэсний зөвлөл, сургалтын байгууллагад хүргүүлнэ.

21.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангана.

21.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага  нь өөрийн үнэлгээ, дотоод хяналт шинжилгээ, аудитын харилцан уялдаатай үйл ажиллагаа бүхий дотоодын баталгаажуулалтыг хэрэгжүүлнэ.

21.6.хөндлөнгийн үнэлгээг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, чанарын удирдлагын стандартын байгууллага зэрэг мэргэжлийн шинжээч бүхий байгууллага хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу хийнэ.

21.7.политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургууль нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг 5 жил тутам, байгууллагын магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ.

21.8.мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын хяналт шалгалтыг Боловсролын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.

22 дугаар зүйл.Гүйцэтгэлийг үнэлэх

22.1.Иргэн, суралцагч, төгсөгчийн чадамжийг үнэлэх, дүгнэх, баталгаажуулах журмыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

22.2.иргэн, суралцагчийн сургалтын чанарын үнэлгээг нууцалж болно. Энэ тохиолдолд Хувь хүний нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2–д заасны дагуу үнэлж, баталгаажуулсан эрх бүхий этгээд нууцлалыг хариуцна.

22.3.Энэ хуулийн 29.1 заасан байгууллага сургалтын чанар, гүйцэтгэлийн үр дүнг төгсөхөд нь, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвшихэд энэ хуулийн 22.4-д заасны дагуу дүгнэнэ.

22.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг багшийн, сургалтын байгууллагын үнэлгээ болон энэ хуулийн 29.1-д заасан  байгууллагын үнэлгээгээр тодорхойлно.

23 дугаар зүйл. Мэдээллийн нэгдсэн сан

23.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын мэдээллийн нэгдсэн сан нь Боловсролын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлээс гадна дараах зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ.

23.2.мэдээллийн нэгдсэн санд сургалт, судалгаа, шинжилгээ, үнэлгээ, мэдээ, тайлан, хяналт,  хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлага, үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулна.

23.3.төр, иргэн, аж ахуйн нэгж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, олон нийтэд үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

23.4.энэ хуулийн 14.3. заасан нэмэлт элсэлтийг зохицуулах заалт тусгах.

23.5.мэдээллийн нэгдсэн санг цахим хэлбэрээр бүрдүүлж, хөгжүүлнэ. 24.4.Мэдээллийн нэгдсэн сан нь хөдөлмөрийн цахим бирж болон төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох боломжтой байх бөгөөд салбар дундын мэдээллийн сан үүсгэн ажиллуулж болно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

24 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын удирдлага

24.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлагын тогтолцоо нь мэргэжлийн  болон техникийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл, боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, үнэлгээний байгууллага, бүсийн арга зүйн төвөөс бүрдэнэ.

25 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага

25.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ.

25.2.мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын өөрийн удирдлага нь Удирдах зөвлөл байна.

25.3.цогцолбор, хотхон бүхий мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нэгдсэн удирдах зөвлөлтэй байж болно.

25.4.Удирдах зөвлөл нь есөн гишүүнээс бүрдэх бөгөөд үүсгэн байгуулагчийг төлөөлөх хоёр, тухайн сургалтын байгууллагын хамт олныг төлөөлөх хоёр, түншлэгчийг төлөөлөх дөрөв, суралцагч, төгсөгчдийг төлөөлөх нэг гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

25.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

25.6.Удирдах зөвлөл нь дараах эрхтэй байна.

25.6.1.төрийн болон орон нутгийн өмчийн сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх талаар боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал болгох;

25.6.2.сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, сургалтын үр дүн, чанар гүйцэтгэлийг хэлэлцэх, дүгнэх;

25.6.Удирдах зөвлөл нь дараах чиг үүрэгтэй байна.

25.6.1.сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах, хэрэгжилтэд хяналт тавих, сургуулийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийн (ЗГ-ын тогтоол 100 харах) тайланг хэлэлцэх, дүгнэх;

25.6.2.нийгмийн түншлэлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих;

25.6.3.хандив, өөрийн орлогыг нэмэгдүүлэх, зарцуулалт хяналт тавих, сургалтын болон үйлдвэрлэл үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг тогтоох.

26 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлага

26.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу захирал хэрэгжүүлнэ.

26.2.Захирал нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

26.2.1.бакалавраас дээш боловсролын зэрэгтэй;

26.2.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, эсхүл үйлдвэрлэлийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс тухайн салбарт сургалтын менежер, арга зүйч, тэнхимийн эрхлэгчээр 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай;

26.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, чөлөөлнө.

26.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг таван жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүн, гүйцэтгэлд үндэслэн дахин нэг удаа улируулан томилж болно.

26.5.Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын захирал Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан нийтлэг үүргийг биелүүлэхээс гадна дараах чиг үүрэгтэй:

26.5.1.сургалтын байгууллагыг хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх,

26.5.2.иргэний мэргэжил, ур чадвар эзэмших хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чанартай боловсрол, сургалтын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

26.5.3.нийгмийн түншлэлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих;

26.5.4.батлагдсан төсөв, өөрийн болон туслах үйл ажиллагааны орлогыг үр ашигтай зарцуулах;

26.5.5.хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, статистикийн мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

26.5.6.төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган ажиллах;

26.5.7.сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах орчин нөхцөл, материаллаг нөөцөөр хангах ажлыг удирдан зохион байгуулах;

26.5.8.Удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах;

26.5.9.холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан бусад үүрэг.

27 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын нийгмийн түншлэл, үндэсний зөвлөл

27.1.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын нийгмийн түншлэлийг үндэсний хэмжээнд хангах орон тооны бус Үндэсний зөвлөлтэй байна.

27.2.нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах байгууллага, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөллөөс оролцоог  бүрдүүлнэ.

27.3.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын дээд удирдлага нь Үндэсний зөвлөл байх бөгөөд салбарын хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангаж тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны ажлын албатай байна.

27.4.зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.

27.5.зөвлөлийн бүрэлдэхүүн дэх хувийн хэвшлийн төлөөллийг ажил олгогчид болон Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгдсэн хурлаас сонгоно.

27.6.Үндэсний зөвлөл хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.6.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах;

27.6.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах;

27.6.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар илтгэл, мэдээлэл хэлэлцэх, зөвлөмж гаргах;

27.6.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 17.5 заасан байгууллагын боловсруулсан, 17.6-д заасан ажил мэргэжлийн стандартыг хэлэлцэж батлах;

27.6.5.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

27.6.6.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалттай холбогдолтой олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орох эсэх асуудлаар санал гаргах;

27.6.7.мэргэжлийн боловсролын сургалтыг дэмжих санд аж ахуйн нэгж, байгууллагаас үзүүлж болох санхүүгийн дэмжлэгийн хувь хэмжээг салбарын онцлогоос хамааран тогтоох;

27.6.8.ажиллах хүчний эрэлтийг тодорхойлох, ажил мэргэжлийн стандарт, мэргэжлийн өөрийн өртгийн тооцооллыг боловсруулах үүрэг бүхий орон тооны бус салбарын зөвлөлийг тухайн асуудлаар мэргэшсэн инженер, техникийн ажилтан, шинжээч, судлаач, сургалтын байгууллагын багш, мэргэжлийн холбоодын оролцоотой нээлттэй шалгаруулалтаар байгуулах, ажиллах журмыг батлах;

27.6.9.мэргэжлийн өөрийн өртгийн тооцооллыг хэлэлцэх, дүгнэлт гаргах;

27.6.10.ажлаа Засгийн газарт жил бүр тайлагнах;

27.6.11.хуульд заасан бусад эрх.

27.7.Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог харгалзан улирал тутам урамшуулал олгох бөгөөд урамшууллын дээд хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

28 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрх

28.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын талаарх хууль тогтоомж, Засгийн газрын болон Үндэсний зөвлөлийн шийдвэрийг Боловсролын ерөнхий хуулийн 31.1-д заасан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

28.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Боловсролын ерөнхий хуулийн 31.1-д заасан чиг үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 

28.2.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын хууль тогтоомж, энэ хуулийн 28.1-д заасан зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулна.

28.2.2.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагатай санхүүжилтийн гэрээ байгуулах, гүйцэтгэлийн хяналтыг шалгуур үзүүлэлтийн дагуу мэдээллийн нэгдсэн сан болон бусад хэлбэрээр хэрэгжүүлэх, үнэлэх, дүгнэх;

28.2.3.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

28.2.4.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, цахим шилжилтийг дэмжих;

28.2.5.мэргэжлийн сургалтын байгуулгыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангуулах;

28.2.6.мэргэжлийн болон техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын асуудлаар шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;

28.2.7.гадаад улсын болон олон улсын ижил төрлийн сургалтын хөтөлбөрөөр төгсөгч, суралцагч Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцах тохиолдолд боловсролын баримт бичгийг дүйцүүлэх, багц цаг тооцох журам батлах;

28.2.8.мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар гадаад улсын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

28.2.9.хуульд заасан бусад чиг үүрэг.

29 дүгээр зүйл. Үнэлгээний байгууллага

29.1.үнэлгээний байгууллага нь суралцагч, төгсөгч, иргэний эзэмшсэн чадамжид хөндлөнгийн үнэлгээ хийх, баталгаажуулах, сургалтын чанарт судалгаа, дүн шинжилгээ хийх, зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

29.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үнэлгээний байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.2.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, хяналт тавих;

29.2.2.иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, түвшин тогтоох, гэрчилгээжүүлэх;

29.2.3.үнэлгээний үр дүнд шинжилгээ хийх, сургалтын байгууллага, ажил олгогчийг зөвлөмжөөр хангах;

29.2.4.аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар мэргэжилтэй ажилтны мэргэшлийн ур чадварт үнэлгээ хийх;

29.2.5.үнэлгээ, баталгаажуулалтын ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх;

29.3.6.мэргэжлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулалтаар хангах.

29.3.Бүсийн арга зүйн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

29.3.1.иргэн, аж ахуйн нэгж, сургалтын байгууллагыг арга зүй удирдлагаар хангах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх;

29.3.2.багш, ажилтныг хөгжүүлэх, сургалт, судалгаа шинжилгээ хийх, зөвлөгөө, мэдээллээр хангах;

29.3.3.сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг ажил олгогч, сургалтын байгууллагатай хамтран боловсруулах, түгээх ажлыг зохион байгуулах;

29.3.4.сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйгээр хангах,  дүгнэлт гаргаж баталгаажуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, чадамжийн сан бүрдүүлэх;

29.3.5.багшийн мэргэшлийн түвшин тогтоох, үнэлгээ хийх;

29.3.6.багш, ажилтнуудын заах арга, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

29.3.7.сургалтын байгууллага, ажил олгогчдын түншлэлийг дэмжих;

29.3.8.хууль тогтоомжид заасан бусад.

29.4.техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний болон бүсийн арга зүйн байгууллагын бүтэц, орон тоо, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

29.5.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Үнэлгээний болон бүсийн арга зүйн байгууллагын менежерийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.

29.6.Үнэлгээний болон бүсийн арга зүйн байгууллагын дэргэд мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн орон тооны бус мэргэжлийн зөвлөл байж болно. Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг тус байгууллагын менежер  батална.

ДОЛОО ДУГААР БҮЛЭГ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТӨСӨВ, САНХҮҮЖИЛТ

30 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын санхүүжилт

30.1.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зардлыг сургалтын үр дүн, чанар, гүйцэтгэлд үндэслэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

30.2.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Үндэсний зөвлөл батална.

30.3.мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

30.4.Энэ хуулийн 27.6.9-т заасан дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн өөрийн өртгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.5.Мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.

30.6.Салбар, үйлдвэрлэлийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа Үндэсний зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

30.7.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг Үндэсний зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.8.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг Үндэсний зөвлөл батална.

30.9.Үнэлгээ, арга зүйн асуудал хариуцсан байгууллагын үйл ажиллагааны орлого бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг боловсролын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. 

30.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйлчилгээг гэрээний дагуу урьдчилсан санхүүжилт авч гүйцэтгэх бөгөөд уг харилцааг энэ хуулийн ..........д заасан гэрээнд тусгана.

31 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан

31.1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан гэж энэ хуулийн 31.3-т заасан эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ.

31.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын дэмжих сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн 30.2-т заасан журмын дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

31.3.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

31.3.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;

31.3.2.аж ахуйн нэгж, байгууллагын хандив, буцалтгүй тусламж, хуульд заасан санхүүгийн дэмжлэг, гадаад зээл, тусламжийн хөрөнгө;

31.3.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилсан хөрөнгө;

31.3.4.сангийн чөлөөт үлдэгдлийн хүү;

31.3.5.бусад эх үүсвэр.

31.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг доор дурдсан зориулалтаар зарцуулна:

31.4.1.өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн гэрээний дагуу олгох зардал;

31.4.2.өмчийн хэлбэр үл харгалзан суралцагчийн дотуур байрны нийт зардал;

31.4.3.өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт суралцагчид олгох тэтгэлэг, дэмжлэг;

31.4.4.багш, хүний нөөцийг мэргэшүүлэх сургалт, багшийн ур чадварын түвшин тогтоох, үнэлэх зардал;

31.4.5.ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, түгээх зардал;

31.4.6.Энэ хуулийн 9.1-д заасан стандартыг боловсруулах зардал;

31.4.7.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний зардал;

31.4.8.олон улсын хэмжээний мэргэжлийн ур чадварын тэмцээнд бэлтгэх, оролцох, урамшуулах зардал болон үндэсний хэмжээний мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах зардал;

31.4.9.Үндэсний зөвлөлийн гишүүний урамшууллын зардал;

31.4.10.бусад зардал.

32 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн  орлого, зарлагын төсвийг батлах, тайлан тэнцэл гаргах

32.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн жилийн орлого, зарлагын төсвийг Улсын Их Хурал батална.

32.2.Үндэсний зөвлөл мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн төсвийн төслийг жил бүрийн 07 дугаар сарын 15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.

32.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайлан тэнцлийг доор дурдсан хугацаанд улирал, жилээр нэгтгэн гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Үндэсний зөвлөлд тайлагнаж байна;

32.3.1.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын нэг дэх сарын 15-ны дотор, жилийн нэгдсэн тайланг дараа оны 02 дугаар сарын 25-ны дотор тус тус нэгтгэн санал, дүгнэлтийн хамт мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх;

32.3.2.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улирлын тайланг дараа улирлын сүүлийн сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа жилийн нэгдүгээр улиралд багтаан Үндэсний зөвлөлөөр хянан хэлэлцүүлэх.

32.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

НАЙМ ДУГААР БҮЛЭГ. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫНБУСАД АСУУДАЛ

33 дугаар зүйл. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

33.1.Энэ хуулийг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол албан тушаалтанд Төрийн албаны хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

33.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

34 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

34.1.Энэхүү хуулийг 202 … оны ... дүгээр сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих болон бусад зохицуулалтыг 8 дугаар бүлэгт тусгана.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                        Г.ЗАНДАНШАТАР

 

Техникийн болон мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын болон хуулийн төсөлд саналаа өгнө үү.
Саналаа adilbish@mlsp.gov.mn  цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох утас: 266588
Баярлалаа.