Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг нар Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хамтарсан уулзалт зохион байгуулж, БШУЯ-ны удирдлагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Германы Сэргээн босголт, хөгжлийн банкны (KFW) төлөөлөгчид оролцлоо.
Хоёр улсын Засгийн газар 2013 онд хамтран байгуулсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь хоёр талын хамтын ажиллагааны онцлох үйл явдал юм. Энэ цагаас хойш тус их сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт мэргэшсэн инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангаж байна. Мөн Герман дахь түнш их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн эрдэм шинжилгээний стандартыг Монголд нэвтрүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ, дадлагад чиглэсэн инженерийн боловсролоор дамжуулан боловсролын салбар болон эдийн засгийг хооронд нь илүү сайн холбох нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь зохион байгуулалтын хувьд үлгэр жишээ байж, удирдлага, институцийн бүтцээ орчин үеийн дээд сургуулийн менежментийн зарчимд нийцүүлэн, байгууллагын бие даасан байдлыг ханган ажиллаж байгаа юм.
МГТИС-ийн захирал Б.Батцэнгэл сургуулийн танилцуулгын үеэр Дээд боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МГТИС-ийн одоо байгаа төрийн өмчийн их сургуулийн статусыг хадгалах шаардлага байгааг хэлсэн юм.
Сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Ё.Розенберг нар тус сургуулийн санхүүгийн тогтвортой байдлын үүднээс МГТИС-ийн судалгааны төслийг Монголын аж ахуй нэгжүүдтэй нягт хамтран хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Оюутны хотхонтой танилцах үеэр сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Ё.Розенберг нар хотхоны өргөтгөл болох ХБНГУ-ын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй барилгын явцтай танилцав.