Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэл, 2022 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцэхээр салбарын удирдах ажилтнууд чуулж байна.
Зөвлөгөөнийг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд
Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ:
- Шинжлэх ухаан, технологи, инновацын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлэх
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилд өгч байгаа үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх
- Нэгдсэн, төрөлжсөн, нээлттэй лабораторийг байгуулан салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
зэрэг зорилтуудыг бодит ажил болгох бодлого, шийдвэрийг БШУЯ-наас үе шаттайгаар гарган ажиллаж байгааг дурьдлаа.
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ОН ГАРСААР ГАРСАН ТОМООХОН ШИЙДВЭРҮҮД
- Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн батлууллаа
- “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн батлуулж, хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүллээ
- Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор аймаг нийслэлийн Боловсролын газрыг “Боловсрол шинжлэх ухааны газар” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг гаргуулж, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого шийдвэр хэрэгжих, шинжлэх ухаан-сургалт, судалгаа-үйлдвэрлэлийг хослуулах суурийг тавив
- Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барих 94 тэрбум төгрөгийн төсвийг 48 тэрбумаар нэмэгдүүлж, 142 тэрбум болгох шийдвэрийг батлууллаа.
2022 ОНД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН САЛБАРТ
- Эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх
- Шинжлэх ухааны салбарын үнэт капитал болох хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулах, салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх
- Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг дээшлүүлэх
- Салбарын зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх
зэрэг 5 үндсэн чиглэлд анхаарч ажиллахаар салбарын сайд төлөвлөсөн бөгөөд эдгээр бодлого, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрдэмтэдийн үнэтэй санал, санаачилга, зөвлөгөө дэмжлэг, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон хэллээ.