Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит хэрэгжих “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, хамтран ажиллах байгууллагуудад хөтөлбөр, төслийн нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх зөвлөлдөх уулзалт боллоо. “Хилийн Чинад дахь Монголчуудын Зөвлөл” НҮТББ, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгууллаа.
Энэ үеэр цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх санал санаачилга, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэж “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөр төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, яам, агентлаг, аймаг, орон нутгийн удирдлагуудын төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийг бэлтгэх, хүүхдэд олгох хэл, соёлын хичээлийн хөтөлбөр боловсруулахад мөн хамтарч ажиллана.