Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлан аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалт өрнүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус аймагт ажиллах үеэрээ онцоллоо.
БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ
Бодлого зохицуулалтын чиглэлээр:
- Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тэгш хамран сургах, насан туршдаа суралцах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр зааж, боловсролын гадна хэнийг ч үлдээхгүй байх зорилго тавьсан.
- Боловсролын хуулийн шинэчлэлийн хүрээнд тэгш хамрах үзэл санааг хэрэгжүүлэх, ялгаатай хэрэгцээтэй тухайлбал, орон нутагтаа олонх болж буй хэл соёлын ялгаатай сурагчдыг бага ангидаа эх хэлээрээ суралцах эрхийг баталгаажуулахаар ажиллаж байна.
- Олон улсын туршлагыг судлан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудлаарх Дээд комиссар болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайд нар “Монгол Улсын олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулан ажиллаж байна.
Боловсролын чанарыг дээшлүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр суралцагчдыг хангах чиглэлээр:
- БШУ-ы сайдын тушаалын дагуу математик, биологи, байгалийн шинжлэл, дүрслэх урлаг, биеийн тамирын хичээлийн сургалтын монгол-казах, казах-монгол, монгол-тува, тува-монгол хэл дээр толь бичиг боловсруулан сургалтад хэрэглэж эхэлсэн. Эдгээр толь бичигт тухайн судлагдахууны 1-7 дугаар ангийн сурах бичигт орсон нэр томьёонуудыг казах, тува хэл дээр орчуулсан бөгөөд нийт 8000 гаруй үг орсон байна.
- Сайдын тушаалын дагуу багш нарын заах арга зүйг дэмжих зорилгоор хос хэлт хичээлийн төлөвлөлт хэрэглэгдэхүүнийг боловсруулсан. Үүнийг тус аймгийн 3, 5 дугаар сургуулийн багш нар туршиж байна. Туршилтын үр дүнг аймгийн нийт сургуулиудад түгээн дэлгэрүүлэх болно.
- Сүүлийн хоёр жилд нийт 104 жишиг контентыг тува, казах хэл рүү орчуулж, орон нутгийн телевизээр дамжуулан сурагчдад хүргэсэн.
- 1-5 дугаар ангийн тува, казах хэлний дасгал ажлын дэвтрийг боловсруулан түгээлээ.
Монгол хэлний боловсролыг дэмжих чиглэлээр:
- Баян-Өлгий аймгийн бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж буй 2-5 дугаар ангийн сурагчдад зориулсан монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөрийг БШУ-ны сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна. Сургалтын жишиг хөтөлбөр нь Монгол Улсын бага боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, зарчим, зорилго зорилтыг баримтлан, тохируулга хийж боловсруулсан юм.
- Сургалтын жишиг хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, сурагчдын сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зорилгоор монгол хэлний гарын авлага, дасгал ажлын дэвтэр боловсруулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажилд тус аймгийн бага ангийн багш нар, боловсролын байгууллагын холбогдох мэргэжилтнүүд идэвхтэй оролцон хамтран ажиллаж байна.
- Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс эцэг, эх, асран хамгаалагчдын хүсэлтийн дагуу бага ангиасаа монгол хэлээр хичээллэх ангийг нээх, бага ангийн монгол хэлний хичээлийг мэргэжлийн багшаар заалгах тухай орон нутгийн хүсэлтийг дэмжиж, нэмэлт санхүүжилтийг шийдэж өгөхөөр ажиллаж байна.
Зөвлөн туслах чиглэлээр:
- 2018, 2021 онд Баян-Өлгий аймгийн боловсрол, сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа, сургалтын орчны нөхцөл байдалтай танилцаж зөвлөн туслах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, түүний харьяа мэргэжлийн байгууллага (Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв) болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зөвлөн туслах чиглэлээр тус аймагт ажиллав.