БШУЯ, НЗДТГ, цэцэрлэгийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл хамтарч цэцэрлэгийн хүртээмж сэдвээр санал солилцлоо. Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлын дийлэнх нь Улаанбаатар хотод хамааралтай байгаа нь хүн амын тал хувь нь нийслэлд оршин суудагтай холбоотой.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 273 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 170 орчим цэцэрлэг ашиглалтад орсон. Хэдийгээр шинээр цэцэрлэгүүд ашиглалтад орж байгаа ч хүртээмж сайжрахгүй байгаа нь төрөлт болон шилжилт хөдөлгөөн тогтмол өсөж байгаатай холбоотой. Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 674 цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдаж байна.
Нийслэлийн хэмжээнд:
2 настай 35.192 хүүхэд байгаагийн 50.7 хувь нь
3 настай 35.832 хүүхдийн 66.5 хувь
4 настай 34.763 хүүхдээс 85.3 хувь
5 настай 37896 хүүхдийн 88.2 хувь нь цэцэрлэгт тус тус хамрагдаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 17 хороо бий. Тэдгээрээс энэ онд 6 хороонд цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулах нь нэмэгдсэн. Одоогийн байдлаар нийслэлд 21 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна.