Боловсрол, шинжлэх ухааны яам, Лоринэт Сан (Lorinet Foundation) хамтран бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай уулзлаа.
Энэ үеэр БШУЯ-наас Сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн байдал, Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чиглэлээр боловсруулж буй бодлогын баримт бичиг, Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хөтөлбөрийн төслийг оролцогчдод танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлгийн дүнд “Бага насны хүүхдийн цогц хөгжил” боловсролын сүлжээ байгуулагдлаа.
“Бага насны хүүхдийн цогц хөгжил” байгууллагуудын хамтарсан сүлжээний зорилго нь 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хамгааллын чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл, туршлага солилцох, сүлжээний гишүүн байгууллагууд бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчийн боловсролыг дэмжих чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Уулзалтад бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, хамгаалал болон эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХНХЯ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, ЖАЙКА, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.