Боловсрол, шинжлэх ухааны яам орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновац нутагшуулах аяныг эхлүүлсэн. Энэ аянд шинжлэх ухааны академи, шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургуулиуд, энтерпрейнер соёлыг түгээгч байгууллагууд хамтран оролцож байна. Энэ онд 5 аймагт очиж ажиллахаар зорьж Орхон, Өмнөговь аймгуудад аян үргэлжилсэн бол энэ өдрүүдэд аялал жуулчлалын тулгуур төв Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Аяны зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг орон нутагт ашиглах юм. Аяны хүрээнд төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Аяны хүрээнд 220 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Хөвсгөл аймгийн иргэдэд танилцуулж, “Монгол технологи-Монгол инноваци” хөгжүүлэх, инновацийн хөгжлийн өнөөдөр ба ирээдүйн арга замыг хамтдаа хэлэлцэж, соёлын арга хэмжээнүүд үргэлжилж байна. Хөтөлбөрт орсон шинжлэх ухааны мэргэжлийн цогц сургалтуудаас сонирхуулбал:
Халдварт өвчний оношилгооны аргууд, тэдгээрийг сонгон хэрэглэх ба үнэлэх,
Малын халдваргүй өвчний шалтгаан, оношилгоо, эмчилгээ, тэдгээрээс сэргийлэх арга,
Махны чиглэлийн хонь өсгөн бойжуулах,
Ховор болон ховордсон ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх, тарималжуулах,
“Хог хаягдлын менежмент” цогц сургалт,
Хүнсний ногооны таримлын сорт судалгаа, үр үржүүлгийн танхимын болон талбайн үзүүлэх сургалтыг менторшип зөвлөхүүд өгч байна.