Сурагчдын XIX олимпийн наадам болох Гимназиад-2022 энэ сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Олимпийн наадамд манай улс анх удаа оролцох бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин дасгалжуулагчийн хамт Франц улсыг зорино. Монголын сургуулийн спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ.
Сурагчдын олимпт 69 орны 3662 тамирчин оролцох бөгөөд спортын 20 төрөлд өрсөлдөнө. Манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Номин, Б.Батдаваа нар оролцох юм. БШУ-ы дэд сайд тамирчидтай уулзах үеэрээ спорт бол хүүхдийг зөв төлөвшил, хүмүүжилтэй, эрүүл чийрэг болгодог. Иймдээ ч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, секц дугуйланг хичээллүүлэх гээд бодлогоор анхаарч ажиллаж байгааг онцолсон. Цаашид сурагчдын олимпт оролцох тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, спортын төлөвшлийг бий болгох чиглэлд Монголын сургуулийн спортын холбоотой хамтарч, дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм.
Сурагчдын XIX олимпийн наадам болох Гимназиад-2022-д оролцох тамирчид:
ДОРЖПҮРЭВИЙН НОМИН
Оролцох төрөл: Жүдо бөхийн -57кг
Нийслэлийн лаборатори 1-р дунд сургуулийн 11е ангийн сурагч. Самбо, жүдо бөхөөр 2 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл /2022 он/, Самбо бөхийн Залуучуудын УАШТ алт /2022 он/, Самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медалиудтай.
БАТХУЯГИЙН БАТДАВАА
Оролцох төрөл: Жүдо бөхийн -60кг
Баянчандмань ЕБС-ийн 12а ангийн сурагч. Самбо жүдо бөхөөр 6 жил хичээллэж байгаа. Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний Алт /2020 он/, мөнгө /2018 он/ хүрэл /2021 он/, 2021 онд Жүдо бөхийн өсвөр үеийн азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Самбо бөхийн өсвөр үеийн МУАШТ алт /2022 он/, Монголын хүүхдийн VI их наадмын аварга /2018 он/, Залуучуудын УАШТ хүрэл /2022 он/ медальтай.
Сурагчдын олимпт оролцох баг тамирчиддаа амжилт хүсье.