Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн уулзалт Баянхонгор аймагт үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, хувьсах зардал, цалин хөлсний шинэчлэлийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгөв.
Хувьсах зардалд багтаж буй сургалтын үйл ажиллагааны зардлын зориулалтад:
-Багш нарын бичгийн хэрэгсэл
-Биет болон зурагт үзүүлэн
-Тараах материал хийх бэлдэц
-Цахим хэрэглэгдэхүүн
-Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн хэрэглэгдэхүүн
-Хичээл болон лабораторийн жижиг багаж, хэрэгсэл багтаж байгаа юм.
Багш, удирдлагууд хичээл практикийн зардлыг жилд хоёр удаа төлөвлөнө. Төлөвлөлтөөс хуваарилах, зарцуулах, хянах гэсэн зарчмаар зардлыг зориулалтын дагуу ашиглана. Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм. Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
Боловсрол, шинжлэх ухааны дэд тус аймагт ажиллах үеэрээ Политехникийн коллеж, Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургууль, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрдэм цогцолбороор орлоо.
Политехникийн коллежийн тухайд 800 гаруй оюутантай, 100 багштай. Коллежийн удирдлагуудын зүгээс хөдөө аж ахуйн чиглэлээрх мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн. Энэ чиглэлийн боловсон хүчнийг ХААИС-тай хамтран бэлтгэх чиглэлийг судалж ажиллахаар боллоо.
Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүйд хүрчээ. Харин аймгийн удирдлагуудын зүгээс шинэ суурьшлын бүсэд газрын асуудлыг шийдвэрлэж өгөөд байгаа юм. Дэд сайд зургаан сургуулийн хамтралын хүрээнд сургуулийнхаа хөтөлбөрийг нэмэгдүүлж, оюутан элсүүлэх нь чухал байгааг дурдлаа. Тус сургууль өнөөдрийн байдлаар 54 оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна.