Засгийн газрын 275 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Энэ онд сургалтын тэтгэлгийг гадаадын болон дотоодын сургуульд суралцах 75 оюутан гардаж байна.
Сонгон шалгаруулалт явуулахдаа шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын ирээдүйд Монгол Улсад шаардлагатай мэргэжлээр суралцах гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Гадаадын их, дээд сургуульд суралцагчид доктор, магистрын түвшинд суралцагч байх бөгөөд дэлхийн топ 100 сургуулийн аль нэгд нь тэнцсэн байх, IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100-аас дээш оноотой байх үндсэн шаардлагыг тавьсан.
Ингээд дотоодын тэтгэлэгт 146 иргэн хүсэлт ирүүлж 44 нь, гадаадын тэтгэлэгт 77 иргэнээс 31 нь шалгуур хангаж тэтгэлэг хүртэж байна. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардаж байгаа оюутнуудын 8 нь хилийн чанадад суралцаж байгаа учир ёслолд цахимаар оролцсон. Тэдний батламжийг гэр бүлийн гишүүд нь гардсан юм. Ёслолын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэтгэлэг гардсан нийт оюутнууд, тэдний гэр бүлийнхэн, эрдэмтэн багш нарт нь баяр хүргэж, амжилт хүсээд хүний нутгаас технологи өвөрлөн ирэхийг захилаа.