Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сумдын сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, ариун цэврийн байгууламжийн ажлын явцыг шалгалаа.
Хужирт сумын тухайд дөрвөн цэцэрлэг, нэг сургуультай. Дотуур байрын барилга нь 1978 онд ашиглалтад орсон. Хуучин дотуур байранд ариун цэврийн байгууламжтай болгохоос гадна шинэ дотуур байрын барилгыг долоодугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Аймгийн Баян-Өндөр, Нарийнтээл, Хужирт сумдад 100 ортой дотуур байрын барилга баригдаж байна. Тус суманд 2 дугаар цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байгаа юм. Барилгыг наймдугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөх аж. Мөн 320 хүүхдийн хүчин чадал бүхий урлаг, спорт заалтай сургуулийн барилга баригдаж байна.
Хархорин сумын хувьд нийт таван цэцэрлэг, дөрвөн сургуультай. 2 дугаар сургуульд 250 хүүхдийн хүчин чадалтай спорт заал, 100 ортой дотуур байр баригдаж байна. Сургууль нийт 1000 гаруй хүүхэдтэй. Цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлын тухайд 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл баригдаж байна. Ирэх хичээлийн жилээс өмнө хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа юм.
Тус суманд шашны сургуулийн зориулалттайгаар улсын төсвийн хөрөнгөөр сургууль байгуулагдаж байсан. Харин 2019 оноос эхлэн ерөнхий боловсролын Номын хүрдэн сургууль болж өөрчлөгдөн, 220 хүүхэд суралцаж байна. Дотуур байр нь 160 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч 60 хүүхэд бий. Нийт 26 багштай. Сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг сургуулийн удирдлагууд хүслээ.
Сумдын хөрөнгө оруулалтын ажлуудыг хугацаандаа, чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга сургууль, цэцэрлэг болон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагад даалгалаа.