МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨГСӨЛТИЙН БАЯРТ ОРОЛЦОВ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨГСӨЛТИЙН БАЯРТ ОРОЛЦОВ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 92, Дотоод хэргийн их сургуулийн 88 дахь удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

2021-2022 оны хичээлийн жилд ҮБХИС-ийг нийт 370 орчим, үүнээс бакалаврын хөтөлбөрөөр 140 гаруй, мэргэжлийн боловсролын сургалтаар 230 орчим сонсогч, суралцагч төгсөж байна.

Мөн ДХИС-ийг нийт 1,000 гаруй, үүнээс бакалаврын хөтөлбөрөөр 600 гаруй, мэргэжлийн боловсролын сургалтаар 400 орчим сонсогч, суралцагч төгслөө.

Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ҮБХИС, ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын даргын тушаалыг уншиж танилцууллаа.

Үүний дараа төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулав.