АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг баг нь хүүхдүүдэд аюулгүй орчин бий болгох зорилгоор 2016 оноос Монгол улсад цэцэрлэг барьж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 6 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байгаа бол яг одоо Увс аймгийн Улаангом сум, Хэнтий аймгийн Дадал сумдад дараагийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ирэх онд Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Ханх, Архангай аймгийн Эрдэнэбулган, Тариат сумдад цэцэрлэг барихаар судалгааны ажлууд үргэлжилж байна.
Иргэн цэргийн дэмжлэг багийнхныг өнөөдөр БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дэд сайд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байгааг дуулгаад АНУ-ын иргэн цэргийн дэмжлэг багийнхныг цаашид бүтээн байгуулалтын ажлаа илүү өргөжүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлд судалж үзэхийг хүслээ. Ингэхдээ Улаанбаатар хотод илүү хүрэлцээг сайжруулах шаардлагатай байгааг ч онцоллоо.
АНУ-ын Элчин сайдын яамны буцалтгүй тусламжаар барьж байгаа цэцэрлэгүүд нь гамшиг ослын үед тухайн бүс нутагтаа хоргодох байр хэлбэрээр ашиглах боломжтой байдаг. Цэцэрлэгийн барилгыг Америкийн санхүүжилтээр барьж дотоод тохижилт, тоглоом хэрэгсэл, зөөлөн эдлэлээр хангах үүргийг БШУЯ хариуцдаг. Энэ онд ашиглалтад орох цэцэрлэгүүдийн эд хэрэгсэл бэлэн болсон гэдгийг уулзалтын үеэр дуулгалаа.