Нээлттэй шинжлэх ухаан нь эрдэм шинжилгээний эрх чөлөө, судалгааны шударга байдал, ур чадварт тулгуурлан шинжлэх ухааны контент, арга хэрэгсэл, үйл явцыг нээлттэй болгодог. Үүний үр дүнд бий болсон ил тод байдал, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинжлэх ухааны байгууллагуудын дадлага туршлагад нэгтгэх боломжийг энэхүү зөвлөмж бий болгодгоороо онцлог.
Зөвлөмжид нээлттэй шинжлэх ухааны түгээмэл тодорхойлолт, нийтлэг үнэт зүйлс, зарчим, стандартыг тодорхойлохын сацуу хувь хүн, байгууллага, үндэстэн, бүс нутаг болон олон улсын түвшинд шударга, тэгш байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай цогц арга хэмжээнүүдийг тусгасан.
БШУЯ шинжлэх ухаан, инновацын салбарын хувьд энэ онд доорх үндсэн чиглэлд анхаарч ажиллаж байна. Тодруулбал,
-Салбарын эрх зүйн орчныг сайжруулах
-Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх
-Хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулах, салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх
-Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг дээшлүүлэх
-Салбарын зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх
-Гадаад, дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэх
-Шинжлэх ухаан, технологийн салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх.
Нээлттэй шинжлэх ухааны талаарх ЮНЕСКО-ийн зөвлөмж номын нээлтэд БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, доктор Шахбаз Хан, ЮНЕСКО-ийн Байгалийн шинжлэх ухааны салбарын Шинжлэх ухааны бодлого, суурь шинжлэх ухааны хэлтсийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ноён Эзра Кларк тэргүүтэй шинжлэх ухаан, инновацын салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо. Нээлтийн үеэр зөвлөмж номыг эрдэмтэн, судлаачдад гардуулан өглөө.