НАЛАЙХ ДҮҮРЭГ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 2-5 НАСНЫ БҮХ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

A- A A+
НАЛАЙХ ДҮҮРЭГ ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 2-5 НАСНЫ БҮХ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг өнөөдөр Налайх дүүрэгт ажиллав. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3416 хүүхэд байна. Тэдний 2286 нь буюу 67 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулалт хийж хамрагдалтыг 85 хувьд хүргээд байв.

Хэдийгээр хамрагдалт нэмэгдсэн ч 630 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр байсан юм. Өнөөдөр БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй хамтран түрээслэх байруудын тоог нэмэгдүүлж, удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулах зохицуулалт хийлээ. Ингэснээр үлдээд байсан 600 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг нээж байгаа юм. Налайх дүүргийн тухайд нийт 8 хороотой. Үүнээс 3,4,7,8 дугаар хороодод нөхцөл байдал хүндрээд байсан юм.

Мөн Налайх дүүргийн Голомт цогцолборын барилгыг буулгаж, бүтээн байгуулалт удааширч байгаатай холбоотойгоор 2500 орчим сурагчийн асуудал хөндөгдсөн. Төрийн байгууллагуудын барилга, талбайд зохицуулалт хийснээр ахлах ангийн 12 бүлгийн хичээлийн байрыг шийдвэрлэхээр боллоо. Боловсрол шинжлэх ухааны сайд энэ үеэр мөн Герман Монголын хамтарсан их сургууль, политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, хичээлийн жилийн бэлтгэл хэрхэн хангаж байгаатай танилцлаа.