ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХОЛБОО БАЙГУУЛЖ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АКАДЕМИЧ Н.Н.КРАДИНЫГ СОНГОЛОО

A- A A+
ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХОЛБОО БАЙГУУЛЖ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АКАДЕМИЧ Н.Н.КРАДИНЫГ СОНГОЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хаалт өнөөдөр боллоо. Энэхүү хуралд 15 орны 155 судлаачид Чингис хааны түүх, өв соёл, угсаатан зүй, гадаад харилцаа зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тодруулбал,       

-“Монголын түүх, угсаатны судлал” нэгдүгээр салбар хуралдаанд 31 илтгэл

-“Монгол хэл, уран зохиол судлал” хоёрдугаар салбар хуралдаанд 32 илтгэл

-“Монголчуудын соёлын ертөнц” гуравдугаар салбар хуралдаанд 30 илтгэл

-“Монголчууд ба гадаад ертөнц” дөрөвдүгээр салбар хуралдаанд 17 илтгэл

-“Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” тавдугаар салбар хуралдаанд 18 илтгэл

-“Чингис хаан ба өнөөгийн ертөнц” зургадугаар салбар хуралдаанд 27 илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллах санал санаачилгыг гаргасан. Түүний санаачилгыг эрдэмтэн, судлаачид дэмжиж, Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, Ерөнхийлөгчөөр академич Н.Н.Крадиныг сонголоо. Мөн холбооны Удирдах зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхээр болов.  

“Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч бөгөөд жинхэнэ гишүүн Я.Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор Сономын Лувсанванданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан юм.