Боловсролын салбарт 50 орчим мянган багш ажилладаг. Тэдний 541 нь зөвлөх зэрэгтэй юм. Зөвлөх багш нар өмнө нь сургуулийнхаа хэмжээнд ажиллаж, залуу багш нарт дэмжлэг үзүүлдэг байсан бол энэ цар хүрээг өргөжүүлж байна. Тиймээс зөвлөх багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр эхлүүллээ.
Боловсролын салбарт хүртээмжийг сайжруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд чамлахааргүй анхаарсан. Ирэх он жилүүд чанарыг ахиулах чиглэлд онцгой анхаарна. Боловсролын салбарт чанарын шинэчлэл хийхийн тулд багш нараа чадавхжуулах нь нэн тэргүүний зорилт юм. Багш нарыг чадавхжуулахад зөвлөх багш нарын үүрэг, оролцоо чухал.
Зөвлөх багш нарын арга зүй, технологи, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөх багшийг “Ментор багш”-аар бэлтгэн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн хичээлийн жилийн туршид 5-аас доошгүй багшийг дагалдуулан сургах, 2-оос доошгүй бүтээлч арга зүй, технологийг хэрэгжүүлэх, судалгаат хичээл зохион байгуулах талаар зөвлөлдөж байна.