ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООСОН СУРГУУЛИУДЫН 1567 ОЮУТНЫГ БУСАД СУРГУУЛЬД ХҮСЭЛТИЙНХ НЬ ДАГУУ ШИЛЖҮҮЛЭН СУРГАНА

A- A A+
ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООСОН СУРГУУЛИУДЫН 1567 ОЮУТНЫГ БУСАД СУРГУУЛЬД ХҮСЭЛТИЙНХ НЬ ДАГУУ ШИЛЖҮҮЛЭН СУРГАНА

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм.

Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.