Боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар мэргэжлийнхэн зөвлөлдлөө. Энэхүү уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, орон нутгийн хүнс үйлдвэрлэгчид, газар тариалан эрхлэгчид болон боловсролын газрын төлөөлөл харилцан санал солилцов.
2017 оны Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааны дүгнэлтээр:
-Бичил тэжээлийн дутагдал /Бага насны хүүхдийн дунд А, Д аминдэм, төмөр, иод дутал өндөр байна/
-Илүүдэл жин ба таргалалт эрс нэмэгдсэн /Бага ангийн 4 сурагч тутмын 1 нь таргалалттай, 5 хүртэлх насны 8 хүүхэд тутмын 1 нь таргалалттай байна/
-Өрхийн хүнсний баталгаат байдал алдагдсан /Нийт өрхийн 65 хувь нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан. 14 хувь нь хүнс хүрэлцэхгүй гэж санаа зовнидог/ байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний нэг бол сургуулийн үдийн хоолыг хэрэгжүүлэх явдал болохыг зөвлөмжид тусгасан байгаа юм.
Бага ангийн сурагчдыг 2021 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн “Үдийн цай”-гаас “Үдийн хоол” хөтөлбөр рүү шилжүүлсэн. Ингэснээр өнгөрсөн хичээлийн жилд 371,480 сурагч үдийн хоолонд хамрагдсан юм. “Үдийн хоол” хөтөлбөрийн анхаарах асуудлууд болох сургуулийн хоолны хүнсний хадгалалт, чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг уулзалтын үеэр хөндлөө.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Боловсрол, шинжлэх ухааны яам төсвийн шинэчлэлийн хүрээнд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байна. Энэ хүрээнд боловсролын салбарт зарцуулж буй хоолны зардлыг үр ашигтай зарцуулах, хүүхдэд зориулсан санхүүжилт хүүхддээ бүрэн зарцуулагддаг байхад анхаарч ажиллаж байгаа”-г дуулгалаа.