МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн чанаржуулах, багш, суралцагчийн мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагын бие даасан байдлыг дээшлүүлэх, цахим шилжилт, техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэх зэрэг хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн. Энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав.

Хуулийн төсөл батлагдсанаар:

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцэх

-Хөдөлмөрийн болон харилцааны соёлтой болох

-Олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх

-Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж байв.