ШҮЛХИЙГЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫ ТЕХНОЛОГИЙГ ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭГЭЭР “БИОКОМБИНАТ” ТӨХХК-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ

A- A A+
ШҮЛХИЙГЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫ ТЕХНОЛОГИЙГ ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭГЭЭР “БИОКОМБИНАТ” ТӨХХК-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ

Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат” ТӨХХК-ийн хооронд “Технологи дамжуулах лицензийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2018 онд хэрэгжүүлсэн “Шүлхийгээс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн технологи ба ариутгал, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ” төслийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг шүлхийгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх судалгааг  явуулсан. Энэхүү ажлын үр дүнд шүлхийгээс сэргийлэх 4 төрлийн вакцины технологийг боловсруулсан юм. Уг вакциныг Монгол Улсад ашиглаж болохыг нь нотолж, малын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлжээ.

Шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг лицензийн гэрээгээр “Биокомбинат” ТӨХХК-д шилжүүлснээр 50 мянган тун вакцин үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар 50 мянган тун вакцин үйлдвэрлэх түүхий эд бэлэн байгаа юм.

2018-2020 онд хэрэгжүүлсэн Цөмийн энергийн агентлагийн MON5023 төслийн хүрээнд 200 орчим мянган еврогийн хөрөнгө оруулалтаар хоногт 50 мянган тун хүртэл вакцин хэлбэржүүлж савлах жижиг цехийг ашиглалтад оруулж, тогтмол ажиллуулахад бэлэн болгоод байна.