Нэг. Журмын төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага
1.1 Хууль зүйн үндэслэл шаардлага
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.5 дахь хэсэгт заасан “судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд уг зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Судалгаа, шинжилгээний ажлын санхүүжилтийг нэмэгдүүлж, орлогын олон талд (эндоумент сан) эх үүсвэрийг бий болгох”, “эндоумент сан байгуулах дүрэм журам боловсруулан эрх зүйн орчныг бүрдүүлэх”-ээр тусгагдсан.
1.2 Практик шаардлага
Их, дээд сургуулийн сургалтын төлбөрт суурилсан санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох шаардлагатай байна.
Төрийн өмчийн их, дээд сургуулиудад Хөгжлийн сан буюу эндоумент санг байгуулснаар гадаад, дотоодын аж ахуй нэгж, байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд, олон улсын төсөл, хөтөлбөрийн шугамаар, иргэн, төгсөгч, тухайн сургуулийн багш, ажилтны сайн дурын үндсэн дээр их сургуулийн хөгжлийг дэмжих, судалгаа, шинжилгээг санхүүжүүлэх зорилгоор өгсөн хандивыг их сургуулийн хөгжил, судалгаа, шинжилгээний зорилтод арга хэмжээг санхүүжүүлэхэд ач холбогдолтой.
Хоёр. Дүрмийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Төрийн өмчийн их, дээд сургуулийн хөгжлийн санг буюу эндоумент санг (цаашид “хөгжлийн сан” гэх) байгуулах, хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, өсгөх, сангийн хөрөнгийн орлогыг зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааны зохицуулалтыг бий болгох зорилгоор дүрмийн төслийг боловсруулсан.
Дүрмийн төсөл нь нийт 6 хэсгээс бүрдэнэ.
Нийтлэг үндэслэлийг тодорхойлсон нэгдүгээр хэсэгт дүрмийн зорилго, хөгжлийн сангийн зорилго, хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарчим, дүрмийн хамрах хүрээг тодорхойлсон.
Дүрмийн төслийн хоёрдугаар хэсэгт хөгжлийн сангийн хөрөнгийг хүлээн авах, бүртгэхтэй холбоотой харилцааг тусгасан.
Дүрмийн гурав, дөрөв, тавдугаар хэсгүүдэд хөгжлийн сангийн хөрөнгийг өсгөх, сангийн орлогыг зарцуулах, тайлагнахтай холбоотой зохицуулалтыг тус тус оруулсан болно.
Та бүхэн дүрмийн төсөлтэй танилцан саналаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /шинжээч О.Оюунбилэг/-т oyunbilegoirov@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Үргэлжлэлийг нүүр хуудсан дээр дарж үзнэ үү