Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” шинэ хөтөлбөрийг БШУЯ-наас хэрэгжүүлнэ.
“Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэх болсон.
Энэхүү хөтөлбөрийн оролцогч талуудын зохицуулагчаар Монгол Улс дахь Японы Элчин сайдын яам, буцалтгүй тусламжийн санхүүжилтийн зохицуулагч байгууллагаар Хүүхдийг Ивээх сан ажиллах юм.
Хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер бөгөөд суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гэрээнд гарын үсэг зурсан.
2022-2025 онд гурван жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөр нь боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэн боловсролын чанарыг сайжруулах зорилготой. Хөтөлбөр нь боловсролын салбарын тэргүүлэх гурван чиглэл болох "Тэгш хамруулан сургах боловсрол", "Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ" болон "Хосолсон сургалт"-ыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Эдгээр чиглэлээр боловсролын салбарт хөрөнгө оруулж буй Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Хүүхдийг Ивээх сан болон Монгол дахь хөгжлийн бусад түншүүд дэмжиж ажиллах юм.