Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч Эмрах Устаөмэрийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэгт талархал илэрхийллээ.
Уулзалтаар талууд ирэх онд ТИКА-тай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцов. Энэ үеэр ярилцсан онцлох сэдэв бол боловсролын сэтгэл зүйчийн тухай байв. Салбарын сайдын зүгээс ерөнхий боловсролын сургуульд ажиллах сэтгэл зүйчийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг дуулгалаа. Иймээс энэ чиглэлд хамтарч ажиллан дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 151 сэтгэл зүйч ажилласан. Эдгээр сэтгэл зүйчид нэг жилийн хугацаанд 141861 сурагч, 20459 багш ажилтан, 35006 эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлжээ.
2022-2023 оны хичээлийн жилд 150 ерөнхий боловсролын сургуулийг сэтгэл зүйчтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ дагуу сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, хоёр үе шаттайгаар зохион байгуулан нийт 103 сэтгэл зүйч тэнцээд байгаа юм. Одоогийн байдлаар 189 сургуулиас сэтгэл зүйч ажиллуулах хүсэлтийг ирүүлсэн нь сэтгэл зүйчдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйг харуулж байна.