Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Фэйсбүүк буюу Мета компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Мета компанийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цахим боловсролыг хөгжүүлэх чиглэлд хийж байгаа ажлын талаар харилцан ярилцлаа. Мета компанийн хувьд НҮБ-тай хамтран 21 аймаг руу чиглэсэн цахим боловсролын түвшинг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн “Faro Foundation Mongolia” ТББ-тай хамтран орон нутгийн оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Цаашид боловсролын ялгаатай байдлыг арилгахын тулд дижитал боловсролыг орон нутагт хөгжүүлнэ. Мөн цахим орчны аюулгүй байдал, бусдыг дээрэлхэх асуудалд анхаарч, хамтарч ажиллахыг хүслээ.
Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, ЦХХХЯ-ны Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга А.Золзаяа, Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен, Мета компанийн хамтын ажиллагааны менежер Аурора Ли, Мета компанийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч А.Бямбажаргал нар оролцов.