МОНГОЛ ФРАНЦЫН БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

A- A A+
МОНГОЛ ФРАНЦЫН БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “Байгаль-Эх” лицей сургууль, Францын “Мишле” лицей сургуультай хамтран ажиллахаар болов. Гэрээ байгуулагдсанаар 10 жилийн хугацаанд жил бүр хоёр монгол сурагч “Мишле” лицей сургуульд суралцана.

Франц Улсын “Мишле” лицей сургууль нь байгаль нийгмийн ухааны чиглэлээр төрөлжсөн хөтөлбөртэй, 160 жилийн түүхтэй бөгөөд 1930 онд Монгол Улсын дөрвөн оюутан тус сургуульд суралцаж, гуравдагч оронд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд болон бэлтгэгдэж байжээ. Үүнээс хойш 92 жилийн дараа дахин хамтран ажиллахаар болсон нь түүхэн ач холбогдолтой гэдгийг “Мишле” сургуулийн захирал Эрик Бизе онцолж байв.

Түүнчлэн өнөөдөр Монгол Улсын Их Сургууль, Франц Улсын Сорбон III их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Соробон III их сургууль нь дэлхийд эхний 50-д эрэмбэлэгддэг юм. Хамтын ажиллагааны хүрээнд багш, оюутан солилцоо явагдах бөгөөд хоёр талын судалгааны ажлыг эхлүүлэхээр болов. Монгол, Франц Улсын боловсролын байгууллагуудын энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх ажлын нэг хэсэг юм.