БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар Францын Парис хот дахь Олон улсын Шинжлэх ухааны Зөвлөлийн харилцаа хариуцсан захирал Алисон Мэстон, удирдлага төлөвлөлтийн мэргэжилтэн Габрил Иван нартай уулзан шинжлэх ухаан, технологийн тогтолцоо, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар БШУЯ-наас хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн зорилго, үйл ажиллагааг танилцууллаа. Үүний үр дүнд Олон улсын Шинжлэх ухааны зөвлөл болон тус зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрөлжсөн байгууллагаас дэмжлэг авч ажиллахаар тогтлоо. Мөн дараах асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Үүнд:
Нэгдүгээрт: Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчин, зохицуулалт, тогтолцооны шинэчлэлийн зорилтыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан-бодлогын уялдааг хангах талаар олон улсын туршлагыг дамжуулах, зөвлөгөө дэмжлэгийг тус зөвлөлийн хамтран ажиллагч байгууллага болох Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөгөө олон улсын сүлжээгээр (INGSA) дамжуулан өгөхөөр тогтлоо;
Хоёрдугаарт: Global Young Academy-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын залуу эрдэмтэн судлаачдыг оролцуулах, энэ хүрээнд Монголын залуу эрдэмтдийн холбоог тус Академийн гишүүнчлэлд хамруулан, үйл ажиллагааг дэмжих;
Гуравдугаарт: Нээлттэй шинжлэх ухаан (open science) болон салбар дундын (interdisciplinary) болон салбар дамнасан (Transdisciplinary) шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс арга зүйн дэмжлэг өгч ажиллах;
Дөрөвдүгээрт: Монгол Улсын шинжлэх ухааны нэгдсэн системийг үүсгэх талаар CODATA байгууллагатай хамтрахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Түүнчлэн, Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс Монгол Улсыг Нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, Эрдэм шинжилгээний ажилтны зөвлөмжийг хэрэгжүүлэх тал дээр UNESCO болон бусад байгууллагуудтай хамтран санаачилгатай ажиллаж буйг онцоллоо.