Журмын төсөлд санал авч байна

A- A A+
Журмын төсөлд санал авч байна

 

Танилцуулга

 

     Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам батална гэж заасны дагуу энэхүү журмыг төслийг боловсрууллаа.

    Мөн Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3.1.2-т "багшийн хөгжил" гэж багшийн мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх тасралтгүй үйл явцыг” ойлгоно гэж заасан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар тушаалаар “Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөрт 2020-2024 он хүртэл багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх  зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

     Технологийн хөгжил дэвшил, шинэ эрин үеийн суралцагчдын танин мэдэхүй, нийгэмшихүй, сэтгэл зүйн онцлог, хувьсал өөрчлөлт нь багш нарыг мэргэжлийн мэдлэг, ур чадвартай байхаас гадна боловсролын олон талт үйл ажиллагаанд хамрагдаж, өөрийн мэргэжил, мэргэшил, хувь хүний чадвараа бие даан болон бусадтай хамтран насан туршдаа хөгжүүлдэг байх хэрэгцээг бий болгож байна.

      Энэхүү “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих журам” батлагдсанаар өмнө нь багш нарыг батлагдсан хөтөлбөрийн дагуу албан журмаар үе шаттай сургадаг “багшийн мэргэжил дээшлүүлэх” асуудлаас “багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил”-ийн асуудал руу шилжиж, багш бүр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа тасралтгүй хөгжих тэгш, нээлттэй, сонголттой, уян хатан, бүтээлч, шинэ арга хэлбэрүүдээр бие даан болон хамтран суралцах боломж бүрдэх юм. 

     Журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2022 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн дотор тус яамны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар, Боловсролын ерөнхий газрын Багш ажилтан, байгууллагын хөгжлийн газарт доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Цахим шуудан. naranzul@mecs.gov.mn;  r.zolzaya@agency.edu.mn

Холбогдох утас: 51-263181

Жич: Санал өгөх этгээд нь овог, нэр, эрхэлж байгаа ажил, албан тушаал, байгууллага, хаяг, утасны дугаарыг бичиж ирүүлэхийг анхаарна уу.

 

БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг

  1. Энэхүү журмын зорилго нь сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
  2. Багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалт үйл ажиллагаа нь  (цаашид “сургалт, үйл ажиллагаа” гэх) төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын багш, ажилтанд мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаагаар мэргэжлээ дээшлүүлэх, ажлын байранд мэргэжлийн мэдлэг, ур чадвараа сайжруулах, бусадтай хамтран, харилцан суралцаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
  3. Багш, ажилтан гэдэгт  сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, сургалтын менежер, захирал, эрхлэгч, арга зүйч, нийгмийн ажилтан, дотуур байрын багш, номын санч, сэтгэл зүйч, туслах болон ээлжийн багш, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын ерөнхий эрдмийн хичээл заадаг багш хамаарна.
  4. “Сургалт явуулах эрх бүхий этгээд” гэдэгт сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах зохих шаардлагыг хангасан багш бэлтгэх их, дээд сургуульд түшиглэсэн багшийн хөгжлийн бүсийн төв, төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, судлаач, багш, багш-судлаачдын баг, төсөл, хөтөлбөр хамаарна.

 

Хоёр.Зарчим

  1. Мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална. Үүнд:

2.1.1.Тогтвортой хөгжлийн зорилго, Монгол улсын боловсролын урт, дунд хугацааны хөгжлийн стратеги, бодлого, зорилттой уялдсан байх;

2.1.2. Багш, ажилтны хөгжих хүсэл эрмэлзлэлийг дэмжсэн, хэрэгцээнд үндэслэсэн сонголттой, нээлттэй, уян хатан арга хэлбэртэй байх;

2.1.3.Багш, ажилтан бүрд тэгш боломжийг бүрдүүлсэн, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй байх;

2.1.4.Төрийн болон төр бус байгууллага, багш, судлаачдын хамтын оролцоо, түншлэлд тулгуурлан, үүрэг хариуцлагыг бэхжүүлж, дэмжсэн байх;

2.1.5. Мэдээллийн технологийн дэвшил, ногоон хөгжлийг дэмжсэн байх.

 

Гурав. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаа   

1.Мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна.

         1.1. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт

         1.2. Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа

1.1.1.Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтыг зорилго, хамрах хүрээ, чиглэлээр нь “Үндсэн сургалт”, “Зорилтот сургалт“, “Сонголтот сургалт” гэж ангилна.

1.1.2.“Үндсэн сургалт” нь сургалтын байгууллагад эхний болон 5,10 дахь жилдээ ажиллаж байгаа багш, ажилтанд албан тушаалын зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

1.1.3.”Зорилтот сургалт” нь багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний дүн, хэрэгцээнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшид мэргэшлийн онол, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Багш тухайн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дүн, хэрэгцээнээс хамаарч дараах 3 төрлийн сургалтад хамрагдана.

  1. Заавал судлах сургалт
  2. Сонгон суралцах сургалт
  3. Ахисан түвшний сургалт

1.1.4. “Сонголтот сургалт” нь нийт багш, ажилтанд мэргэжлийн тусгай ур чадвараа хөгжүүлэх, хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

1.1.5. Энэ журмын 3.1.3, 3.1.4-д заасан сургалт нь нийт 3 багц цаг бүхий модуль сургалт байна.

1.1.5.1. Журмын 1.1.3-т заасан зорилтот сургалтын төрөл тус бүр нь нэг багц цагийн сургалт байх ба ерөнхий боловсролын сургуулийн багш гүйцэтгэлийн дүн, хэрэгцээндээ нийцүүлэн хичээлийн жилд хоёр багц цагийн сургалтад хамрагдана.

1.1.5.2. Журмын 1.1.4-т заасан сонголтот сургалтын модулаас багш, ажилтан нь хэрэгцээндээ үндэслэн нэг багц цагийн агуулгыг сонгон суралцана.

1.1.5.3.Цэцэрлэгийн багш энэ журмын 1.1.1-т заасан үндсэн сургалтад хамрагдахаас гадна мэргэжлийн хөгжлийн хэрэгцээндээ үндэслэн 1.1.4-т заасан сургалтад хамрагдаж, 2 багц цагийн агуулгыг хичээлийн жилд судална. 

1.2.1.Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны зорилго нь ажлын байранд  багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

1.2.2. Багш, ажилтан ажлын байрандаа заах аргын нэгдэл, секц, багшийн хөгжлийн төв, мэргэжлийн хөгжлийн  бүлэг, зөвлөх багшийн болон ментор-менти багшийн хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөр, зорилтот төсөл, ажлын байран дахь сургалт, хэлэлцүүлэг, онол практикийн хурал, семинар, зөвлөгөөн, туршлага солилцох уулзалт, судалгаа, шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулах, хамтран оролцох арга хэлбэрээр өөрийгөө хөгжүүлнэ.

 

Дөрөв. Сургалт, үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

 

      4.1. Сургалт, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газар нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтэс, сургалтын байгууллага, багш, сургалт явуулах эрх бүхий этгээдтэй хамтран олон талын оролцоо, түншлэлд тулгуурлан танхимын, танхимын бус, хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

 

      4.2. Багш, ажилтан нь ажлын байрандаа тасралтгүй хөгжих хүсэл эрмэлзлэлтэй байж, доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

          4.2.1.Багш, ажилтан нь өөрийн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, хичээлийн жилд энэ журмын 1.1.2,  1.1.3, 1.1.4-т заасан сургалтад хамрагдах;

          4.2.2.Багш, ажилтан нэг хичээлийн жилд мэргэжлийн 2-оос доошгүй бүлэгт  заавал хамрагдаж, журмын 1.2.2-т заасан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хамтран суралцах;

          4.2.3.Сургалт, үйл ажиллагааны үр дүнг ажилдаа тусган хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх;

          4.2.4.Хүндэтгэх шалтгаанаар сургалтад хамрагдаж чадаагүй бол сургалтын байгууллагатай зөвшилцөн дараагийн хэрэгцээт сургалтад хамрагдаж болно. Багш, ажилтан                                 өөрийн буруугаас сургалтад хамрагдаагүй бол төлбөрийг хувиасаа төлж, тухайн хичээлийн жилд багтаан сургалтад заавал хамрагдана.

 

               4.6. Сургалтын байгууллага нь багш, ажилтныг сургалт, үйл ажиллагаанд хамрагдах ажлыг удирдан зохион байгуулалтаар хангаж, доор дурдсан үйл ажиллагааг                                            хэрэгжүүлнэ.

               4.6.1.Байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх урт, дунд хугацааны зорилт, багшийн ажлын үнэлгээний дүн, хөгжих хэрэгцээнд нийцүүлэн “Багшийн мэргэжлийн хөгжлийг                                  дэмжих цэцэрлэг/ сургуулийн төлөвлөгөө”-г заах аргын нэгдэл, мэргэжлийн бүлгийн оролцоотой боловсруулан баталж, тогтоосон хугацаанд аймаг, нийслэлийн                                        боловсролын газарт хүргүүлэх, хэрэгжилтийг тайлагнах;

                        4.6.2.”Хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн” хэсэгт заасан “Багшийн хөгжлийн зардал”-ыг тухайн хичээлийн жилийн албан ёсны статистикийн                                               мэдээлэлд үндэслэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон хувь хэмжээгээр тооцох, төлөвлөх, зарцуулах, тайлагнах ажлыг багш, ЗАН, мэргэжлийн                                           бүлгийн оролцоотой зохион байгуулах;

                        4.6.3.Сургалт, үйл ажиллагааны төлөвлөгөө, явц, үр дүнгийн холбогдох мэдээллийг боловсролын мэдээллийн систем болон цахим платформд тухай бүр бүртгэх,                                             баталгаажуулах, үр дүн, гүйцэтгэлд хяналт тавих;

                        4.6.4.Багш, ажилтныг сургалт, үйл ажиллагаанд хамрагдах тэгш нөхцөл боломжоор хангах, үр дүнг ажилдаа тусган хэрэгжүүлж буйд хяналт тавих, үр дүнг тооцох,                                          зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх;

                        4.6.5.Багш, ажилтны сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан тухай баримтад тулгуурлан сургалтын төлбөрийг холбогдох журмын дагуу тогтоосон хугацаанд зохих                                             байгууллага, эрх бүхий этгээдэд шилжүүлэх.

4.7. Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.7.1.Энэхүү журмын 1.1.2, 1.1.3, 1.1.4, 1.2.2-т заасан сургалт, үйл ажиллагааг орон нутгийн түвшинд удирдлага зохион байгуулалтаар хангах;

4.7.2. Орон нутгийн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;

4.7.3.Судлагдахуунд суурилсан болон сургалтын байгууллага хоорондын мэргэжлийн хөгжлийн бүлгийг удирдлагаар хангах, үр дүнг түгээн дэлгэрүүлэх;

4.7.4. Сургалтад хамрагдсан багш, ажилтанд батлагдсан загварын дагуу цахим батламж олгох, мэдээллийн сан бүрдүүлэх;

4.7.5. Сургалт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, сургалтын платформд холбогдох баталгаажуулалтыг хийх, орон нутгийн төсвийн хүрээнд сургалт явуулах эрх бүхий этгээдтэй холбогдох гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, сургалтын үр дүнг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

 

4.8. Боловсролын ерөнхий газар энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг үндэсний түвшинд удирдлага, зохион байгуулалтаар ханган доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.8.1. Эрх бүхий үнэлгээний байгууллагын хөндлөнгийн үнэлгээний дүнд шинжилгээ хийх, багшийн хөгжлийг дэмжих хэрэгцээг үндэсний түвшинд тодорхойлох, дунд хугацааны төлөвлөлт хийх ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулах;

4.8.2. Багшийн хөгжлийн цахим платформыг  хөгжүүлэх;

4.8.3. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд багшийн хөгжлийн хэрэгцээ тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах аргачлал, заавар чиглэл, удирдамж, шаардлага, зөвлөмж, хуваарь зэрэг журмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай баримт бичгийг батлан мөрдүүлэх;

4.8.4. Сургалт явуулах эрх бүхий этгээдэд тавих шаардлагыг баталж мөрдүүлэх;

4.8.5.Журмын 4.9.2-т заасан шаардлагын дагуу журмын 1.1.1-1.1.3-т заасан сургалтын хөтөлбөр, модулийг зарлах, сонгон шалгаруулах, эрх бүхий байгууллага/                                               шинжээчийн багаар баталгаажуулах/магадлан итгэмжлүүлэх, сургалт явуулах гэрээ байгуулах ажлыг тухайн оны 3-4 дүгээр улиралд багтаан зохион байгуулах;

4.8.6.Сургалтын платформд багш нараас захиалга авах, идэвх оролцоо, үнэлгээ баталгаажуулалтын нэгдсэн бүртгэл зохицуулалтыг хангах, сургалтын явц, үр дүнд                                          хяналт-шинжилгээ хийх;

4.8.7.Сургалт явуулах эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулах, дүгнэх,  санхүүжилтэд хяналт тавих;

4.8.8.Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төв, мэргэжлийн бүлэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

4.8.9.Хөтөлбөр/модуль нь шалгарч баталгаажсан эрх бүхий этгээдэд сургалтын платформд сургалт зохион байгуулах эрх олгох, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;

4.8.10.Сургалт явуулах эрх бүхий этгээд нь гэрээнд заасан эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн хөтөлбөр/модулийн эрхийг цуцлах;

4.8.11. Энэхүү журмын хэрэгжилтийн явц, үр дүнг  хагас жилээр явцын мэдээ, бүтэн жилээр үндэсний тайлан бэлтгэж, дүгнэлт, саналын хамт Боловсролын асуудал                                            эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.

4.9. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих  бодлогын зохицуулалт, удирдлагаар ханган, доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

4.9.1.Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих  сургалт, үйл ажиллагааг үндэсний хэмжээнд бодлогын удирдлагаар хангах, шаардлагатай төсвийг төлөвлөх санхүүжүүлэх;

4.9.2.Энэхүү журмын 1.1.1-д заасан сургалтын хөтөлбөрт тавих шаардлагыг батлах, хөтөлбөрийн баталгаажуулалт/магадлан итгэмжлэлийн зохицуулалтыг баталж мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

4.9.3.Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр шаардлагатай бусад эрх зүй актыг батлах.

4.10.Сургалт явуулах эрх бүхий этгээд нь доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.  

4.10.1.Энэ журмын 4-т заасан сургалт явуулах эрх бүхий этгээд нь сургалт, арга зүй, судалгаа шинжилгээ, ментор, көүчинг, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан, 4.9.2-т заасан шаардлага хангасан байх;

4.10.2.Багш бэлтгэх их, дээд сургууль нь бүс нутгийн хэмжээнд багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий  “Багшийн хөгжлийн бүсийн төв”-тэй байна. Энэхүү бүсийн төвийн үйл ажиллагаа нь баруун, зүүн, төвийн,  бүсийн орон нутгийн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт явуулах, ажлын байранд тасралтгүй хөгжих үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

4.10.3.Сургалт явуулах эрх бүхий этгээд нь Боловсролын ерөнхий газраас зарласан агуулгаар, хөтөлбөрт тавих шаардлагын дагуу сургалтын модуль/хөтөлбөр боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцох, шалгарсан тохиолдолд сургалт зохион байгуулах эрх авах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг мэдээлэх, тайлагнах, гэрээнд заасны дагуу санхүүжилт авах

4.10.4.Баталгаажуулж эрх авсан сургалтын хөтөлбөр, модулийг нэгдсэн платформд байршуулан багш, ажилтны сонголтыг үндэслэн сургалтыг үр дүнтэй удирдан зохион байгуулах;

4.10.5.Сургалтад хамрагдаж буй багш, ажилтны идэвх, оролцоо, даалгавар, бие даалтад үнэлгээ өгөх, сургалтын үр дүнг турших, дэлгэрүүлэхэд зөвлөмж чиглэлээр хангах, сургалтад хамрагдсан талаар үнэлгээ, баталгаажилт хийх;

4.10.6. Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр, зорилтот төсөл, зарлах, сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

4.10.7. Сургалт,  үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, үр нөлөөний судалгааг   жил бүр Боловсролын ерөнхий газарт тайлагнах.

 

Тав. Сургалтын хөтөлбөр

5.1. Энэ журмын 1.1.1-т заасан сургалтыг баталгаажсан/магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, модулиар зохион байгуулна.

5.2.Хөтөлбөр, модулийн баталгаажилт/магадлан итгэмжлэлийг эрх бүхий мэргэшсэн байгууллага/шинжээчийн багаар гүйцэтгүүлнэ.

5.3.Баталгаажсан сургалтын хөтөлбөр, модулийн хүчинтэй хугацаа 2-оос доошгүй жил байна. 

 

Зургаа. Сургалт, үйл ажиллагааны санхүүжилт

6.1. Багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг улсын төсөв, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, бусад оролцогч талуудын санхүүжилтээр санхүүжүүлнэ.

6.2. Журмын 1.1.2-т заасан үндсэн сургалтын зардлыг улсын төсвөөс, 1.1.3, 1.1.4, 1.2.2-т заасан сургалт, үйл ажиллагааны зардлыг сургалтын байгууллагын тухайн төсвийн жилийн хувьсах зардлын бүрэлдэхүүнд тусгагдсан багшийн хөгжлийн зардлаас эрх бүхий байгууллагаас тогтоосон хувь хэмжээгээр санхүүжүүлнэ.

6.3. Сургалтын байгууллага нь хувьсах зардлын бүрэлдэхүүний багшийн хөгжлийн зардлын 60-аас доошгүй хувийг энэхүү журмын 1.1.3, 1.1.4-д заасан сургалтад, 40-өөс доошгүй хувийг 1.2.2-т заасан багш, ажилтны хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулна. Багшийн хөгжлийн зардал хэмнэгдсэн тохиолдолд энэ журмын 1.1.3, 1.1.4, 1.2.2-т заасан сургалт, үйл ажиллагаанд шилжүүлэн зарцуулж болно.

6.5.Багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

6.6.Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хууль, тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

6.7. Сургалт, үйл ажиллагааны санхүүжилтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, тайлагнах, аудит хийх үйл ажиллагааг төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.

6.8.Энэ журмын 6.2-т заасан зардлаас дараах арга хэмжээг санхүүжүүлэхгүй.

   8.1.1. бакалавр, магистр, докторын сургалтын төлбөр төлөх;

   8.1.2. дотоод болон гадаадад аялал зохион байгуулах;

   8.1.3. аливаа олимпиад, уралдаан тэмцээнд оролцох зардал

 

              6.9.Энэхүү журамд заасан сургалт, үйл ажиллагааг шашны, улс төрийн болон гадаадын зорилго, үйл ажиллагаа нь тодорхой бус байгууллагын санхүүжилтээр зохион байгуулахыг хориглоно.