ШИНЖЛЭХ УХААНЫ НЭГДСЭН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА

A- A A+
ШИНЖЛЭХ УХААНЫ НЭГДСЭН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй албаныхан Шинжлэх ухааны академийн үйл ажиллагаа, шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажлын явцыг шалгалаа.

Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилга Баянзүрх дүүрэгт баригдаж буй.

Энэхүү барилгад салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана. Шинжлэх ухааны академийн хүрээлэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 3000 гаруй эрдэмтэн, судлаачид хамтарч ажиллах орчин нөхцөл бүрдэх юм. Эрдэмтдээс ажиллах орчин нөхцөл, багаж тоног төхөөрөмж тааруу гэх асуудлыг хөнддөг бол уг цогцолбор байгуулагдснаар асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.  

Мөн өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Үүний дараагаар ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн захирал болон ШУА-ийн тэргүүлэгч гишүүдтэй уулзалт хийж, эрдэмтэн судлаачдад тулгарч байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх хууль тогтоомжтой холбоотой асуудлаар санал солилцов.