Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт "19.3.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт, нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулан, Захиргааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
Саналаа munkhtuya@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Төсөл
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГ ДЭВИЙН ТОДОРХОЙЛОЛТ,
НИЙТЛЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
1.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолт
Эрдэм шинжилгээний тэргүүлэх, ахлах, дэд, дадлагжигч ажилтан гэж тухайн зэрэг дэвийн нийтлэг шаардлага болон шалгуур үзүүлэлтийг хангасан эрдэм шинжилгээний ажилтныг хэлнэ.
2.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нийтлэг шаардлага
а) Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Докторын /Ph.D/ зэрэгтэй, докторын зэрэг хамгаалснаас хойш судалгааны чиглэлээрээ 6-аас доошгүй жил ажилласан;
2. Судалгааны шинэ чиглэл санаачлах, хэрэгжүүлэх чадавхтай (олон улсын болон үндэсний судалгааны тэтгэлэг, төсөл хэрэгжүүлэхээр шалгарч гэрээт, захиалгат ажлыг гүйцэтгэн эрдэм шинжилгээний байгууллагадаа санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон), эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, лаборатори, кабинет байгуулсан, шинэ тоног төхөөрөмж авсан г.м)
3. Өөрийн судалгааны мэргэшсэн чиглэлээр 3-аас доошгүй судлаачийг бэлтгэсэн байх;
4. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг, багаар ажиллах чадвартай;
5. Патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан эсвэл нэг сэдэвт бүтээл нийтлүүлсэн;
6. “Scopus” эсвэл “Web of Science”-д бүртгэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл, номын бүлэг хэвлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд аман илтгэл хэлэлцүүлсэн байх.
б) Эрдэм шинжилгээний ахлах ажилтан дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Доктор/Ph.D/-ын зэрэгтэй, докторын зэрэг хамгаалснаас хойш судалгааны чиглэлээрээ ажилласан;
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, хээрийн судалгааг удирдах, судалгаа шинжилгээний ажилд дүгнэлт хийх арга барил эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Эрдэм шинжилгээний ажилтныг шинэ мэдээллээр хангах, дадлагажуулах, тэднийг эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургах чиглэлээр ажилласан;
4. Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн (Эрдэм шинжилгээний ажилтан гадаад оронд бакалаврын ба түүнээс дээш түвшний сургалт буюу Монгол Улсын гадаад хэлний магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийг амжилттай төгссөн бол гадаад хэлний үзүүлэлтийг хангасанд тооцно. Эрдэм шинжилгээний ажилтан аттестатчиллаар шалгуулах гадаад хэлийг өөрөө сонгоно);
5. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн;
6. Өөрийн судалгааны мэргэшсэн чиглэлээр 2-оос доошгүй судлаачийг бэлтгэсэн байх;
7. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг;
8. Импакт фактортой эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн, олон улсын эрдэм шинжилгээний хуралд аман илтгэл хэлэлцүүлсэн байх.
в) Эрдэм шинжилгээний дэд ажилтан дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Магистраас доошгүй зэрэгтэй;
2. Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлыг гүйцэтгэх арга зүй эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программуудыг эзэмшсэн;
4. Гадаад хэлийг өөрийн судалгааны чиглэлийн түвшинд эзэмшсэн;
5. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг;
6. Судалгааны чиглэлээрээ сүүлийн 4 жил ажилласан.
г) Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны зэрэг дэвийн орон тоонд ажиллах хүн дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна:
1. Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй;
2. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр арга зүй эзэмшсэн, багаар ажиллах чадвартай;
3. Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглээний программыг эзэмшсэн;
4. Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг;
5. Гадаад хэлний зохих мэдлэг эзэмшсэн.
3.Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн шалгуур үзүүлэлт
Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэв |
Шалгуур үзүүлэлт |
Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан |
|
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан |
|
Эрдэм шинжилгээний дэд ажилтан |
|
Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан |
|