Боловсролын Ерөнхий газарт Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын багш нар зөвлөлдөж байна. Дотуур байрын орчин нөхцөл, суралцагчийн эрх, хамгаалал, олон улсын туршлага, сайн жишээ, тулгамдсан асуудал ба шийдэл гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж байна.
МСҮТ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын салбарын 49 дотуур байр суралцагч хүлээн авч байна. Дотуур байрын 16 нь Улаанбаатарт, 33 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Энэ байруудад 3553 суралцагч амьдарч байгаа нь нийт суралцагчийн 8,3 хувь болж байгаа юм.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 531 дотуур байр байна. 18 нь Улаанбаатар хотод байдаг бол 513 нь хөдөө орон нутагт байрладаг. Дотуур байранд 1-12 дугаар ангийн 32421 суралцагч амьдарч байна.
Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдүүдээ нийгмийн нэг хэсэг болгон хүмүүжүүлэх зорилгоор дотуур байранд амьдруулдаг. Харин манай улсын тухайд хүн амын байршил, газар нутаг, амьжиргаа гээд бодит шалтгаануудын улмаас дотуур байрыг сонгож байна. Дотуур байр нь аюулгүй, эрүүл орчин байна. Хүүхдүүдэд яг л гэртээ байгаа мэт орчинг бүрдүүлэх ёстой гэж олон улсын байгууллагууд зөвлөдөг. Гэхдээ манай улсын тухайд дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах, суралцагчийн эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарсаар байгаа юм.