Дүрэм, журмын төсөлд санал өгнө үү

A- A A+
Дүрэм, журмын төсөлд санал өгнө үү

ТАНИЛЦУУЛГА

Төрийн албаны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Боловсролын тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1.18 дахь заалт, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12, 13 дугаар зүйл, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.2-т” Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлж болно” , 6.2-т “...Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална” гэж тус тус заасан нь энэхүү дүрэм, журмыг боловсруулан батлах хууль эрх зүйн үндэслэл болно.

БШУССайдын 2018 оны А/243 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм", “Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-аар тогтоосон зохицуулалтыг “Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-тэй нийцүүлэх, зарим заалтуудын зөрчлийг арилгах, монголын улсын урт дунд хугацааны боловсролын зорилт, шинээр батлагдсан хууль тогтоомж, олон улсын багш мэргэжлийн  ёс зүйн нийтлэг кодтой нийцүүлэн шинэчлэх практик хэрэгцээ шаардлагын дагуу уг дүрэм, журмын төслийг боловсрууллаа. 

Тухайлбал; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/243 дугаар тушаалаар аймаг нийслэлийн Засаг даргын дэргэд ёс зүйн зөвлөл ажиллуулахаар заасан бол Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолд төрийн үйлчилгээний байгууллагын дэргэд Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл ажиллахаар тус тус заасан. Дээрх эрхзүйн актыг хүрээнд боловсролын салбарт ёс зүйн зөвлөлүүдийг харилцан адилгүй байгуулсан нь /а) Аймаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөл, b) Цэцэрлэг, сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөл, c)Боловсролын газрын даргын тушаалаар байгуулсан ёс зүйн зөвлөл/ ёс зүйг зөрчлийн мэдээлэл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, хариуцлага тооцох эрх бүхий субьект нь харилцан адилгүй байгаа нь ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхэд зарим хүндрэл үүсгэж байна.

Мөн 2021-2022 оны хичээлийн жилд ёс зүйн дүрэм танилцуулах, сургалт нөлөөллийн арга хэмжээг нийт багш ажилтны 38.7 хувийг хамруулсан нь ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хамрах хүрээ хангалтгүй байгааг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд багш, ажилтан, суралцагчдын ёс зүйн хэм хэмжээний асуудалд олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж, эцэг, эх асран хамгаалагч, багш ажилтнаас удаа дараа ирүүлж байгаа гомдол, хүсэлт, ёс зүйн зарим зөрчлийг өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм журмаар зохицуулах боломжгүй байгаа юм.

 

Энэхүү дүрэм, журмын төслийг боловсруулахдаа улс орнуудын боловсролын ажилтны мэргэжлийн ёсзүйн кодыг судалж нийцүүлсэн. Тухайлбал:

  • ЮНЕСКО-оос баримталж буй багшийн хөгжлийн чиглэлээр баримталж буй 5 чиглэл
  • АНУ-ын бүх муж улсуудын боловсролын стандартын зөвлөл, комиссын бүрэлдэхүүн NASDTES-аас /National of state Directors of teacher Education and Certification/ -аас тодорхойлсон боловсролын ажилтны ёсзүйн кодын загвар. Model Code of ethics for educators /MCEE/
  • Япон, Мальта, Солонгос зэрэг улсуудын багшийн ёс зүйн кодоор тогтоосон хэм хэмжээг монголын боловсролын бодлого, эрх зүйд нийцүүлэн судалж үзлээ.

Уг дүрэм, журмыг батлан мөрдүүлснээр дараах үр дүнд хүрнэ гэж төсөөлж байна.

  • Багш, ажилтан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг олон улсад мөрдөж буй ёс зүйн нийтлэг кодтой нийцүүлэн мөрдүүлэх нөхцөл бүрдэнэ.
  • Багш, ажилтан нь боловсролын харилцаанд оролцогч бүх талуудын өмнө, ажил мэргэжийнхээ өмнө хүлээх хэм хэмжээг тогтоож өгсөн.
  • Боловсролын салбарт шинээр нэвтэрч буй цахим боловсролтой холбоотой ёс зүйн зохицуулалтыг шинээр мөрдөнө.
  • Нийт сургалтын байгууллагад ёс зүйн зөвлөл ажиллах ба зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагаа, хариуцлагын нарийвчилсан зохицуулалт шинээр мөрдөгдөнө.
  • Ёс зүйн хариуцлага ногдуулах зохицуулалт тодорхой болно.
  • Хичээлийн жил бүр ёс зүйн сургалт, нөлөөллийн ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах эрхзүйн нөхцөл бүрдэнэ.
  • Салбарын хэмжээнд багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээ хариуцлага сайжирна.

 

--- 000 ----

 

 

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны МЭРГЭЖЛИЙН ёс зүйн дүрэм

 

Нэг. Нийтлэг зүйл.

  1. Энэхүү дүрмийн зорилго нь төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий  боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны албан үүргээ гүйцэтгэхдээ эрхэмлэх зүйл, баримтлах зарчим, мэргэжлийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хүлээх хариуцлагыг тогтоож, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

  1. Багш, ажилтан нь эрх бүхий байгууллагаас баталсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөхөөс гадна энэхүү дүрэмд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана.

 

  1. Энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, аймаг, нийслэлийн боловсролын газарт үндсэн орон тоонд болон түр гэрээгээр ажиллаж буй багш, ээлжийн болон туслах багш, багшлах дадлага хийж буй оюутан,  удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй ажилтан, албан хаагч сахин мөрдөнө.

 

Хоёр. Ёс зүйн талаар эрхэмлэх зүйлс.

2.1 Багш, ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ёс зүйн талаар дараах зүйлсийг эрхэмлэнэ.

2.1.1. Суралцагч бүрийн эрх, аюулгүй байдал, нэр хүндийг нэн тэргүүнд дээдэлнэ.

2.1.2. Төрийн албаны болон мэргэжлийн нэр хүндийг ямагт эрхэмлэн дээдэлнэ.

2.1.3. Эрх тэгш, хүндэтгэлтэй, эерэг харилцааг  эрхэмлэнэ.

2.1.4. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн хэм хэмжээг зөрчих эрсдлээс урьдчилан сэргийлж, шударга ёсыг эрхэмлэнэ.

Гурав. Баримтлах зарчим

3.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий  боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан  нь сургалт, бусад үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.

3.1. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

3.2. Хууль тогтоомжийг дээдэлж, мөрдөх;

3.3. Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах;

3.4. Зөв харилцаа, хандлага, ёс зүйгээр манлайлах;

3.5. Боловсролын үйлчилгээнд тэгш байдлыг хангах;

3.6. Удирдах, удирдуулах ёсыг сахин биелүүлэх;

3.7. Ёс зүйн зөрчилтэй үл эвлэрэх.

Дөрөв. Багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ

4.1. Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны дагаж мөрдөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дор дурдсанаар ангилна.

4.1.1. Суралцагчийн өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ

4.1.2. Ажил, мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ

4.1.3. Хамт олон, хамтран ажиллагч, олон нийтийн өмнөх хүлээх ёс зүйн хэм хэмжээ

4.1.4. Технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах хэм хэмжээ

Тав. Багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн шаардлага  

5.1. Багш, ажилтан нь 4.1-д дурдсан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд дараах ёс зүйн шаардлагыг мөрдөнө.

5.2.Энэ дүрмийн 4.1.1-д дурдсан “Суралцагчийн өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ”-ний хүрээнд:

5.2.1.Боловсролын үйлчилгээ үзүүлэхдээ суралцагч бүрийн эрх, нэр төр, соёлын олон талт байдлыг хүндэлж, үндэс угсаа, арьсны өнгө, нас, хүйс,  эрүүл мэнд, танин мэдэхүйн ялгаатай байдал, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхахгүй, хүндэтгэлтэй, соёлын мэдрэмжтэй, тэгш хандах;

5.2.2. Суралцагчид бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байх;

5.2.4. Хичээл сургалтын явцад олж авсан  суралцагчийн болон түүний гэр бүлийн нууцыг ажил эрхлэх хугацаанд болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноос хойш бүхий л хугацаанд чандлан хадгалах, эрх бүхий байгууллага, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэх;

5.2.5. Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө суралцагчаас шан харамж, бэлэг, авлига авах, зуучлах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардах, ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахаас тус тус татгалзах;

5.2.6. Сургалтын орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл мэнд хохирох, дээрэлхэл, ялгаварлан гадуурхалд өртөх, сөрөг нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэх;

5.2.7. Суралцагчдад мэдлэг, чадвар, хандлага, харилцаа, хувцаслалт/биеэ авч явах байдал, арга барилаараа мэргэжлийн манлайлал үзүүлэх; 

5.2.8. Суралцагчдын өмнө зүй бус үг хэллэг, үйлдэл гаргах, хууль, дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээ зөрчихөөс сэргийлэх;

5.2.9. Сургалтын агуулга, хөтөлбөрт зааснаас бусад тохиолдолд улс төр, цэрэг дайн, шашин, нийгмийг хамарсан өвчин тахал болон  бусад асуудлаар хүүхдийг айдаст автуулахуйц эх сурвалжгүй мэдээлэл хийх, хувийн үзэл бодлоо тулгахаас сэргийлэх;

 

5.3. Энэ дүрмийн 4.1.2-д заасан “Ажил, мэргэжлийнхээ өмнө хүлээх ёс зүйн хэм хэмжээ”-ний хүрээнд:

5.3.1.Ажил, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой бодлого, хууль тогтоомж, дүрэм журам, эрх зүйн баримт бичгийг судалж мэдэх, хувийн үзэл бодлоос үл хамааран дагаж мөрдөх;

5.3.2. Өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараа шударга, бодитой үнэлэх,  ажлын байранд тасралтгүй хөгжих эрмэлзлэлтэй байх;

5.3.3. Өөрийн хариуцсан бүртгэл мэдээлэл, судалгааг үнэн зөв хөтлөх, хадгалах, хамгаалах;

5.3.4. Мэргэжлийн болон боловсролын байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаанаас татгалзах;

5.3.5. Ажлын байранд болон цахим орчинд бусадтай харилцахдаа зүй бус үг хэллэг, үйлдэл гаргахаас сэргийлэх;

5.3.6. Хичээл сургалтын явцад, сургалтын орчинд хууль бус жагсаал цуглаан, шашны зан үйл зохион байгуулах, насан хүрээгүй хүүхдийг татан оролцуулахаас татгалзах;

5.3.7. Ажилд орох, албан тушаал дэвшихдээ боловсролын түвшин, мэргэжлийн ур чадвараа  үнэн зөв мэдүүлэх, баримт бичгээр нотлох;

5.3.8. Боловсролын болон сургалтын баримт бичгийг үнэн зөв хөтлөх.

5.3.9. Ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай байх.

 

5.4. Энэ дүрмийн 4.1.3-д заасан  “Хамт олон, эцэг эх, асран хамгаалагч, харилцагч байгууллага, хамтран ажиллагч, олон нийтийн өмнөх хүлээх ёс зүйн хэм хэмжээ”-ний хүрээнд:

5.4.1.Боловсролын харилцаанд оролцож байгаа багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, иргэн, үйлчлүүлэгчийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, эрхэлдэг ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, үл тоомсорлох, хэл амаар доромжлох,  эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохгүй байх;

5.4.2. Хамт олны эерэг уур амьсгал бүрдүүлэх, байгууллагын соёлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах эрмэлзлэлтэй байх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдад хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг эерэгээр шийдвэрлэхэд мэргэжлийн ур чадвар, манлайлал үзүүлэх;

5.4.3. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны явцад үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцэх эрхээ эдлэхдээ хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх;

5.4.4.Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас аливаа урамшуулал, бэлэг, шан харамж шууд болон шууд бусаар авах болон зуучлахаас татгалзах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдлээс сэргийлэх;

5.4.5. Багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг хууль бус үйл ажиллагаанд уриалахгүй байх;

5.4.6. Ажлын байранд  архидан согтуурах, бусдыг дээрэлхэх, ялгаварлан гадуурхах, жендэрт суурилсан зүй бус үг, үйлдэл гаргахаас сэргийлэх;

5.4.7.Багш, ажилтан нь гүйцэтгэлийн үнэлгээ болон бусад шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээнд оролцохдоо шударга байх, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй бол татгалзах;

5.4.9. Өөрийн мэдлэг, чадвар, туршлага, ажил хэргийн мэдээ, мэдээллийг хамтран ажиллагчтай хуваалцахаас татгалзахгүй байх;

5.4.10. Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, удирдах ажилтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх;

5.4.11. Байгууллагын удирдах ажилтан нь албан тушаалын давуу байдлаа ашиглан багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид хууль бус шаардлага, үүрэг даалгавар өгөхгүй, шийдвэр гаргахгүй байх, хууль бус үүрэг, шийдвэрийг үл биелүүлээгүйн төлөө хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, дарамт шахалт үзүүлэхгүй байх.

5.5.Энэ дүрмийн 1.4.4-д заасан “Технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах хэм хэмжээ”-ний хүрээнд: 

5.5.1.Багш, ажилтан нь оюутнууд, хамт олон,  эцэг, эх асран хамгаалагчтай нийгмийн сүлжээ, технологиор дамжуулан боловсролын харилцаанд оролцохдоо энэ дүрмийн 5.2, 5.3, 5.4-д заасан ёс зүйн хэм хэмжээг баримтлах;

5.5.2.Багш, ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ байгууллагаас зөвшөөрсөн албаны цахим шуудангийн хаягийг ашиглах, албан хэрэгтээ хувийн аккаунтыг ашиглахаас татгалзах; 

5.5.3.Нийгмийн сүлжээг хариуцлагатай, ил тод, сурган хүмүүжүүлэх зорилгоор ашиглах;

5.5.4.Технологийн хөгжлийн чиг хандлагын талаар зохих мэдлэгтэй, зүй зохистой хэрэглээтэй байх;

5.5.5.Цахим болон компьютерийн технологи ашиглан хадгалсан буюу дамжуулсан суралцагчийн мэдээлэл, бүртгэлийн нууцлалыг хангах, хамгаалах;

5.5.6. Технологи ашиглан хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй, бусдын нууцыг задруулахгүй, оюуны өмчлөлтэй холбоотой зөрчил гаргахгүй байх;

5.5.7. Суралцагчийн хэрэгцээнд тохирсон технологийн хэрэглээг дэмжих, хэрхэн ашиглахыг зааж өгөх, хичээл сургалтын зорилгоор ашиглахад нь туслалцаа үзүүлэх; 

5.5.8. Технологи ашиглан зөвшөөрөлгүй зураг авах, бичлэг хийхгүй байх, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, мэдээллийг олон нийт, нийгмийн сүлжээнд нийтлэхгүй байх, ажил хэргийн зорилгоор авсан зураг, бичлэгийг хувийн ашиг сонирхол, бусдын нэр хүндэд халдах зорилгоор ашиглахгүй байх;

5.5.9.Нийгмийн сүлжээнд үзэл бодол, хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэхдээ ажил, мэргэжлийнхээ нэр хүндийг дээдлэн, суралцагчдад буруу үлгэр дууриал үзүүлэхээс зайлсхийх.

Зургаа. Ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага

6.1.Эрх бүхий байгууллагаас баталсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон энэхүү дүрэмд заасан хэм хэмжээг, шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ. 

6.2.Байгууллагын ёс зүйн зөвлөл нь багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар шалгаж, дүгнэлт, санал, зөвлөмж гаргаж, ажил олгогчид танилцуулна.

6.3.Ёс зүйн зөвлөл нь зохих хууль тогтоомжид үндэслэн багш, ажилтанд ёс зүйн хэм хэмжээг сахиулах чиглэлээр мэдэгдэл, шаардлага, зөвлөмж гаргаж болно.

6.4.Багш, ажилтан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, ёс зүйн хариуцлага ногдуулах саналыг үндэслэлтэй гэж үзвэл ажил олгогч холбогдох хууль, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ёс зүйн хариуцлагыг ногдуулах шийдвэрийг бичгээр гаргана.

6.5.Багш, ажилтны гаргасан ёс зүйн зөрчил нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна.

6.6.Багш, ажилтан ёс зүйн зөрчил гаргасны улмаас сайн дураараа албан тушаалаас чөлөөлөгдөх нь ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцогдоно.

6.7.Ёс зүйн зөрчил гаргасан нь дүгнэлтээр нотлогдсон багш, ажилтанд сахилгын хариуцлага ногдуулаагүй, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Ёс зүйн дүрмийн хэрэгжилт, тайлагнал

7.1.Ажил олгогч нь багш, ажилтны ёс зүйн байдалд хяналт тавих, холбогдох хууль тогтоомж, төрийн албан хаагчийн болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг сахин мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

7.2.Ажил олгогч нь төрийн албан хаагчийн болон энэхүү мэргэжлийн ёс зүйн дүрмийг шинээр ажилд орж буй багш, ажилтанд заавал танилцуулж, ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, ажилтны албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангуулна.

7.3.Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг байгууллагын ёс зүйн зөвлөл, аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Боловсролын ерөнхий газар удирдлагаар хангаж, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад жил бүр тайлагнах үүрэг хүлээнэ.

7.4.Ёс зүйн зөвлөлөөс ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулах сургалт, үйл ажиллагааг байгууллагын төлөвлөгөөнд тусгаж, хуулиар хориглоогүй эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

7.5.Томилох эрх бүхий албан тушаалтан багш, ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэн, хамт олонд мэдээлнэ.

 

Найм. Бусад

8.1.Энэхүү дүрэм нь насан туршийн боловсролын төвийн багш, ажилтан, аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газрын албан хаагчид нэгэн адил хамаарна.

8.2. Боловсролын харилцаанд оролцогч эцэг эх, асран хамгаалагч, олон нийт нь багшийн нэр төрийг хүндлэн, багш, ажилтныг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, суралцагчийн сайн сайхан байдлын талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, санаатай болон санамсаргүйгээр хичээл сургалтыг үйл ажиллагааг тасалдуулахгүй байх хэм хэмжээг мөрдөнө.

8.3.Сургалтын байгууллага нь эцэг эх, асран хамгаалагчидтай байгуулах гэрээнд сургууль, багш, бусад суралцагчдад хүндэтгэлтэй, тэгш хандах, зөв харилцах чиглэлээр ёс зүйн хэм хэмжээг тусгаж болно.

--- 000 ---

 

 Боловсрол, шинжлэх ухааны сайдын

.... оны .... сарын .... -ний өдрийн

..... дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

 

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын

 байгууллагын  ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий  боловсролын сургалтын байгууллага /цаашид сургууль, цэцэрлэг гэх /-ын  багш, ажилтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон мэргэжлийн ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх, ёс зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна. 

1.2.Зөвлөл нь  “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Сургуулийн өмнөх болон ерөнхий  боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны  мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа тэгш хандах, шударга ёсыг баримтлах, нууцыг хадгалах, хараат бус байх зарчмыг баримтлах ба үйл ажиллагаа нь ёс зүйн хэм хэмжээг баримтлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд багш, ажилтанд дэмжлэг үзүүлэх, хамгаалах, соён гэгээрүүлэхэд чиглэнэ.  

1.4. Сургалтын байгууллагын эрхлэгч, захирал нь ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг байгууллагын жилийн төлөвлөгөөтэй уялдуулан, хэрэгжилтэд зохих дэмжлэгийг үзүүлж ажиллана.

 

Хоёр. Ёс зүйн зөвлөлийг байгуулах

2.1. Төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн ёс зүйн зөвлөл нь тухайн байгууллагын багш, ажилтны төлөөллөөс бүрдсэн 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2. Тухайн байгууллагын багш, ажилтны тоо 25 хүрэхгүй бол ёс зүйн зөвлөл байгуулахгүй байж болно. Энэ тохиолдолд төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг тухайн байгууллагын удирдлагын шийдвэрээр  багш ажилтны төлөөллөөс бүрдсэн 3-аас доошгүй бүрэлдэхүүнтэй баг шалгаж, дүгнэлт саналыг захирал, эрхлэгчид танилцуулж шийдвэрлүүлнэ.

2.3.Зөвлөлийн дарга, гишүүдийг шинээр болон нөхөн сонгохдоо тухайн байгууллагын нийт багш, ажилтны 95-аас доошгүй ирцтэй нээлттэй хурлаас ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй багш, ажилтнууд дундаас нэр дэвшүүлж, санал хураалтын дүнг үндэслэн, томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 3 жилийн хугацаатай томилно. Тухайн байгууллагын томилох эрх бүхий этгээдийг ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгохгүй.

2.4.Зөвлөл нь ёс зүйн зөрчил, авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хариуцлага хүлээж байгаагүй гишүүдээс бүрдэнэ.

2.5. Зөвлөлийн гишүүн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гишүүнээс чөлөөлж, энэ журмын 2.3-т заасны дагуу нөхөн сонгоно. Нөхөн сонгогдсон гишүүн зөвлөлийн тухайн бүрэлдэхүүнийг томилсон хугацаагаар ажиллана.

 

Гурав. Ёс зүйн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1.Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.  

3.1.1.Зөвлөлийн дарга нь зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна хурлыг зарлах, бэлтгэл хангуулах, хурал удирдах, гомдол, мэдээллийг хүлээн авах, гишүүдээс бүрдсэн шалган шийдвэрлэх баг томилох, гишүүдэд удирдамж чиглэл өгөх, өөрийн эзгүйд хурал удирдахыг гишүүнд даалгах, зөвлөлийн тогтоол, дүгнэлт, санал, зөвлөмжийг ажил олгогчид танилцуулах эрх, үүрэгтэй.

3.1.2.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна зөвлөлийн ажлыг төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, сургалт, хурлын зар түгээх, бэлтгэл хангах, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн бүртгэл хөтлөх, хурлын тэмдэглэлийг хөтлөх, тогтоол, дүгнэлт, санал, шаардлага, зөвлөмжийг албажуулах, зохих байгууллага, хувь хүнд хүргүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааны тайланг боловсруулж, баримт бичгийг архивлах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

3.1.3.Зөвлөлийн гишүүн нь зөвлөлөөс зохион байгуулж буй сургалт, үйл ажиллагаанд оролцох, гомдол мэдээллийг шалгах, хуралд оролцож дүгнэл, шийдвэр гаргахад санал өгөх, хурлаас гарах шийдвэрийг хэрэгжүүлэх, зөвлөлийн даргын томилсноор зөвлөлийн хурлыг даргалах эрх, үүрэгтэй.

3.2.Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд:

3.2.1.Багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээг сурталчлан таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

3.2.2. Ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар дүгнэлт, хариуцлага ногдуулах асуудлаар тогтоол, санал, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, шаардлага, мэдэгдэл тус тус гаргах.

3.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд хурлаас нарийн бичгийн даргыг сонгоно. Хуралд гишүүдийн 70-аас доошгүй хувийн ирцтэй оролцсон тохиолдолд хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.

3.4. Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, тогтоол, санал, зөвлөмж, шаардлага, мэдэгдэл байх бөгөөд тэдгээрийг бичгээр үйлдэж, хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурж албажсанаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

3.5.Зөвлөлийн гишүүд ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол маргаан, мэдээ, мэдээллийг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг заавал бөглөнө.

3.6.Зөвлөлд ирүүлсэн гомдол, мэдээлэл, илэрсэн зөрчил нь зөвлөлийн гишүүн, түүний хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн болон зөвлөлийн гишүүн өөрөө гомдол мэдээллийг гаргасан бол тухайн гомдол, мэдээллийг шалгаж, шийдвэрлэхэд гишүүн өөрөө оролцохоос татгалзах үүрэгтэй. Өргөдөл гомдолд холбогдсон этгээдтэй олон нийтийн зүгээс “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж ойлгохуйц нөхцөл байдал үүсвэл шалгах ажиллагаанд оролцохоос татгалзаж болно.

Дөрөв. Ёс зүйн зөрчлийн тухай  гомдол, мэдээллийг хүлээж авах, шалган шийдвэрлэх

4.1 Багш, ажилтан ёс зүйн  хэм хэмжээ  зөрчсөн тухай суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан,  иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс ёс зүйн зөвлөл, удирдах албан тушаалтанд ирүүлсэн гомдол, мэдээлэл, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн, тухайн байгууллагын дотоод  үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн мэдээ, баримт нь тухайн зөрчлийг шалгах үндэслэл болно.

4.2. Багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээ, мэдээллийг ажил олгогч, ёс зүйн зөвлөл хүлээн авна.

4.3. Ажил олгогч нь хүлээн авсан ёс зүйн зөрчлийн гомдол, мэдээ, мэдээллийг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журам, ёс зүйн дүрэмд нийцүүлэн судалж, “ёс зүйн дүрэм зөрчсөн” гэж үзвэл ёс зүйн зөвлөлд шалгуулахаар шилжүүлнэ. Энэ тухайгаа гомдол гаргагчид бичгээр болон амаар мэдэгдэнэ.

4.4. Ёс зүйн зөвлөл нь хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтыг зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага ногдуулах үндэслэл бүхий хөдөлмөрийн сахилгын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй.

4.5. Ёс зүйн зөвлөл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээ, мэдээллийг хүлээн авснаас ажлын 10 хоногийн дотор энэхүү журмын дагуу шалган шийдвэрлэнэ.

4.6.Гомдол, мэдээлэлд холбогдсон багш, ажилтан болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тайлбар, саналыг сонсож, баримт материалыг авч, тухай бүр тэмдэглэл хөтөлнө.

4.7.Шаардлагатай гэж үзвэл бусад байгууллага, этгээдээс баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулж болно.

4.8.Гомдол, мэдээллийг шалгах хугацааг шаардлагатай бол зөвлөлийн бүрэлдэхүүн нэг удаа  ажлын 5 хүртэлх хоногоор сунгаж болох ба энэ тухайгаа байгууллагын удирдлага, гомдол гаргагчид мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн байна.

4.9.Ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, баримт нотолгоонд үндэслэн шалгах ба ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Зөвлөлийн хуралдаанд ёс зүйн зөрчилд холбогдсон багш, ажилтныг биечлэн оролцуулж, тайлбар сонсож, асуулт тавьж, хариулт авч болно.

4.10.Зөвлөл нь гомдол, мэдээллийг шалган үзээд “ёс зүйн зөрчил гаргаагүй” эсхүл “ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.  Дүгнэлтийн талаар гомдол гаргагчид ажлын 2 хоногт багтаан мэдэгдэнэ.

4.11.Зөвлөл нь тухайн багш, ажилтныг “ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” дүгнэлтэд үндэслэн зөрчлийн  шинж байдал, үр дагаврыг харгалзан хариуцлага ногдуулах тогтоол гаргана. Зөвлөлийн тогтоолыг зөрчил гаргасан багш, ажилтанд танилцуулна.

4.12.Зөвлөл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн багш, ажилтанд ёс зүйн хариуцлага ногдуулахдаа Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.2-4.4-т заасныг баримтална.

4.12.1. Зөвлөл нь ёс зүйн зөрчил гаргасан багш ажилтанд “уучлал гуйхыг үүрэг болгох” ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тогтоолдоо зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзан, нууцын тухай холбогдох хууль тогтоомжийг баримтлан суралцагч, багш, ажилтан, хамт олон, иргэн, эцэг эх асран хамгаалагч, байгууллагаас ганцаарчлан болон нийтийн өмнө уучлал гуйх хэлбэрийг заана. 

4.12.2. Зөвлөл нь ёс зүйн зөрчил гаргасан багш, ажилтанд “сануулах” ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тогтоолдоо ганцаарчлан болон хамт олны өмнө зарлах хэлбэрээр нээлттэй сануулах хэлбэрийг заана.

4.13. Багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол хариуцлага ногдуулах саналыг томилох эрх бүхий албан тушаалтан, холбогдох байгууллагад тус тус бичгээр  танилцуулна. 

4.14. Зөвлөл нь ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр багш, ажилтан, суралцагч, эцэг эх асран хамгаалагчдад хандан зөвлөмж гаргана. Зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийг биелүүлэхгүй байх, ёс зүйн зөрчил гаргах эрсдэлд өртөж болзошгүй багш, ажилтанд шаардлага хүргүүлж болно.

4.15. Багш, ажилтны гаргасан ёс зүйн зөрчлийн шинж байдал, үр дагавар нь журмын 4.12-д зааснаас бусад хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл Зөвлөлийн дүгнэлт саналыг  ажил олгогчид хүргүүлнэ. Ажил олгогч  зөвлөлийн дүгнэлт, санал, зөрчлийн шинж байдлыг харгалзан тухайн багш ажилтанд хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод дүрэм журамд заасны дагуу хариуцлага ногдуулах шийдвэрийг ажлын 3-5 хоногт багтаан бичгээр гаргана.

4.16.Зөвлөл нь гаргасан дүгнэлт, тогтоол, санал, шаардлага, зөвлөмжийн биелэлтэд хяналт тавьж, биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, багш ажилтанд шаардлага тавих эрхтэй.

4.17. Багш, ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан талаар гүтгэсэн, худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.18. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой ёс зүйн зөрчлийн гомдол, мэдээллийг томилох эрх бүхий албан тушаалтанд гаргана. Томилох эрх бүхий албан тушаалтан тухайн гомдол, мэдээллийг хянан үзээд, шаардлагатай гэж үзвэл орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын төлөөлөл оролцсон 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй баг томилон энэхүү журмыг  баримтлан шалган шийдвэрлэж, зохих арга хэмжээ авна.

Тав. Бусад зүйл

5.1. Багш, ажилтанд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, хүний нөөцийн бүртгэл мэдээллийн системд бүртгэнэ..

5.2. Ёс зүйн зөвлөл нь байгууллагын жилийн төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ. Зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийг байгууллагын албан цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад арга хэлбэрээр заавал ил тод нээлттэй сурталчилна.

5.3. Ёс зүйн зөвлөл гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх, дүгнэлт, тогтоол, санал, зөвлөмж, шаардлага гаргах ажиллагаанд зөвлөлийн гишүүнээс бусад багш ажилтан хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

5.4. Энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг нарийвчлан тогтоож болно.

 

----oOо-----