Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит 66 дугаар чуулган болж байна. Тус чуулганд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Чуулганы үеэр Монголын Улсын төлөөлөгчид тус агентлагийн Цөмийн эрчим хүчний газар, Цөмийн зэвсгийн хяналтын газар, Техникийн хамтын ажиллагааны газруудтай тус тус уулзаж, ОУАЭА-тай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, ирэх онд хэрэгжүүлэх ажлууд болон хамтын ажиллагааны харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов. Мөн төлөөлөгчдийн тэргүүн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Чуулганы хүрээнд цөмийн зэвсгийн хяналт, цөмийн болон цацрагийн хяналт, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, цөмийн технологийн чиглэлээр мэргэжлийн семинар, уулзалтууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн шинжлэх ухааны форумыг “Итгэл найдварын туяа” нэрийн дор хорт хавдартай тэмцэхэд зориулан хийж байна.
Тус чуулганаар агентлагийн 2021 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, 2023 оны төсөв, цөмийн зэвсгийн хяналтыг хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, цөмийн болон цацрагидэвхт материалын тээвэрлэлт, хаягдлын менежментийг хөгжүүлэх, агентлагийн Техникийн хамтын ажиллагаа зэрэг 23 багц асуудлыг хэлэлцэж байна.