Энэрэлийн түүчээ төрийн бус байгууллага 2012 онд байгуулагдаж дэргэдээ хүслийн ордон цэцэрлэгийг нээсэн байна. Тус цэцэрлэг нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч боловсролын болон сэргээн засах үйлчилгээг үзүүлдэг. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт 47 хүүхэд хамрагдаж байна. Хүслийн ордон цэцэрлэг 18 багш ажилтантай. Герман улсаас хөдөлгөөн болон хэл заслын мэргэжилтнүүдийг урьж авчирчээ.
Энэрэлийн түүчээ төрийн бус байгууллага нь цэцэрлэг ажиллуулахаас гадна сургалт судалгааны төв, явуулын үйлчилгээг мөн үзүүлдэг. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд иж бүрэн үйлчилгээг үзүүлэхээр зорьж байгаа юм. Тус төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах 3 үе шаттай модуль сургалтын аргачлалыг боловсруулан бэлэн болгосон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох олон улсын аргачлалыг нутагшуулж байна. Энэ сайн санаачлагуудыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Энэ байгууллагын үйл ажиллагаатай боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан яамны баг болон бусад төрийн байгууллагын төлөөлөл танилцлаа. Цаашид улсын хэмжээн дэх 12 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрхэн оновчтой хүргэх талаар энэ уулзалтын үеэр мөн ярьсан юм.