Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр шинжлэх ухааны 7 салбараар уламжлал болгон зохион байгуулдаг залуу эрдэмтдийн “Хүрэлтогоот-2022” эрдэм шинжилгээний хурал 18 дахь жилдээ нээлтээ хийлээ.
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн, судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит судалгааны грант хүртэж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх үйл явцыг дэмждэг үндэсний хэмжээний арга хэмжээ болон өргөжсөнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ онцоллоо.
Эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн бүтээлээс тус бүр нь 30-40 илтгэл багтаасан долоон салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд хэвлэгдэн гарсан. Бүтээлээ ирүүлсэн судлаачид судалгааныхаа үр дүн, шинжлэх ухааны ололтыг танилцуулж, шүүгчдийн үнэлгээг үндэслэн салбар хуралдаан бүрээс хоёр буюу нийт 14 шилдэг залуу судлаачийг тодруулна.
Залуу судлаачдын грант 4 сая төгрөг байсныг Боловсрол, шинжлэх ухааны сайдын шийдвэрээр энэ жилээс 10 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн нь залуу судлаачдын оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлсэн чухал шийдвэр болсон юм.