“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ АКАДЕМИЧ, ПРОФЕССОР Д.ДОРЖГОТОВ, АНУ-ЫН ЭРДЭМТЭН, МОНГОЛ СУДЛААЧ ЖАК УЭТЕРФОРД НАРТ ОЛГОНО

A- A A+
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ АКАДЕМИЧ, ПРОФЕССОР Д.ДОРЖГОТОВ, АНУ-ЫН ЭРДЭМТЭН, МОНГОЛ СУДЛААЧ ЖАК УЭТЕРФОРД НАРТ ОЛГОНО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд нарт олгохоор боллоо. “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” Төрийн ордонд гардуулна.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ

Д.Доржготов нь 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн.

ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна.

Тэрбээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан. 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн.

Ажил, бүтээл:

  • “Монгол орны экосистемийн зураг” (1995), “Байгал нуурын сав газрын экологийн атлас” (2015), “Сэлэнгэ-Байгалийн экологи-газарзүйн атлас- ном” (2018), “Монгол орны экосистемийн атлас” (2019), “Байгал нуурын бүс нутгийн атлас” (2021), “Монгол Улсын үндэсний атлас” (1990, 2009, 2022) зэрэг монгол, орос, англи хэлээр хэвлэгдсэн томоохон хамтын бүтээлийн зохиогч, редактор, ерөнхий редактораар ажилласан.
  • “Монголын нэвтэрхий толь” (2000), “Монголын цагаан ном” (2002), “Монгол Улсын нэвтэрхий толь” (2009), “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” (2013), “Монголчуудын түүх, соёлын атлас” (2004), БНХАУ-д хэвлэгдсэн “Монгол судлалын нэвтэрхий толь. Газарзүйн боть” (2012) зэрэг олон боть, томоохон бүтээлийн редактор, хамтран зохиогчоор ажилласан.
  • Эрдэм судлалын ажлын зэрэгцээ МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар 40 гаруй жил хавсран ажиллахдаа газар зүй, хөрс судлал, газрын менежмент, орчин судлалын мэргэжлээр бакалавр, магистрын түвшний олон зуун боловсон хүчин бэлтгэсэн.
  • 1975 оноос одоо хүртэл газарзүйн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр томилогдон 110 гаруй хүний эрдмийн зэрэг хамгаалах хуралдаанд биечлэн оролцож, 20 доктор (Ph.D),  Шинжлэх ухааны дөрвөн докторын (Sc.D) эрдмийн ажлыг удирдсан.

 Эрдмийн зэрэг, цол, хэргэм:

  • 1973 онд ЗХУ-ын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнд дэд эрдэмтэн (Ph.D), 1992 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Биологийн шинжлэх ухааны  доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 1998 онд ШУА-ийн академичаар сонгогдож, 2002 онд профессор, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Академич” хэргэм, 2010 онд ХААШУА-ийн гишүүн цол хүртсэн юм.
АНУ-ЫН ЭРДЭМТЭН, МОНГОЛ СУДЛААЧ ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/

Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан.

1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан.

Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна.  Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм. 

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан (2004)

  • Тус ном “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдон, 20 гаруй хэлээр орчуулагдсан.
  • Энэ бүтээлээрээ Чингис хаан болон монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, “Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг, мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан” гэдэг үзэл санааг дэвшүүлсэн.

Монгол хатдын нууц товчоо (2010)

  • “Монгол хатдын нууц товчоо” ном нь зургаан хэлээр орчуулагдсан бөгөөд монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулсан.
  • Тус бүтээлд монгол хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан, охид очсон газар орондоо Монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхийд сурталчлан таниулсан.

Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд (2016)

  • Хүн төрөлхтний түүхэнд зөвхөн Монголын эзэнт гүрэнд л янз бүрийн шашин шүтлэгтэй, өөр өөр ард түмэн эв найртай зэрэгцэн оршиж байсныг дурдаж, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэй таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан.
  • Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайл авч ирснийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд таниулсан юм.

Судалгааны ажил:

  • 1997 оноос хойш Монгол Улсад 40 гаруй хээрийн судалгааны ажил, экспедиц зохион байгуулан, Монголын нууц товчооны түүхэн газар нутгуудад судалгааны ажлын материал цуглуулсан.
  • Энэ хүрээнд Монголын нууц товчооны газар орныг судалдаг О.Сүхбаатар, судлаач Г.Аким зэрэг эрдэмтэн судлаачтай хамтрахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
  • “Жак Уэтерфорд сан” нь залуу судлаачдыг бэлтгэн, тэднийг урамшуулж шагнал олгодог.