Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хоёр эрхэм хүмүүнд Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв.
ӨНӨӨ ЦАГИЙН ӨРНӨДИЙНХӨНД ИХ ХААНЫГ ҮНЭН ЗӨВӨӨР ТАНИУЛАГЧ ЖАК УЭТЕРФОРД
Чингис хаан, түүнийг залгамжлагчид болон монгол хатдын дэлхий ертөнцийн түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг сурвалжлан судалж, шинжлэх ухаанчаар үнэлэн дүгнэсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” зэрэг судалгааны бүтээл, ном зохиол туурвисан. Энэхүү бүтээлүүд нь олон хэлээр орчуулагдан дэлхий нийтийн хүртээл болохдоо монголчуудын талаарх түүхэн бодит ойлголтыг өнөөгийн дэлхий ертөнцөд дахин таниулж, Чингис хаан судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд;
МОНГОЛ ОРНЫ АНХНЫ ХӨРСНИЙ ЗУРГИЙГ ЗОХИОН ХЭВЛҮҮЛЖ, САНСРЫН ГЭРЭЛ ЗУРАГТ ТУЛГУУРЛАСАН ХӨРСНИЙ ЗУРАГ ЗОХИОГЧ ДЭЧИНГУНГААГИЙН ДОРЖГОТОВ
Их эзэн Чингис хааны монгол түмэнд өвлүүлэн үлдээсэн газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийн, хээрийн шинжилгээний ажил зохион байгуулж, хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулж, экосистемүүдийн хэмжээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэг бий болгон, Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн АНУ-ын иргэн Жак Уэтерфорд болон Академич Д.Доржготов нарын эрдэм номын их үйл хэрэгт өндөр амжилт хүсэж, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.