“ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2022”-ЫН ЦАХИЛГААН УГСРАЛТ, ӨРӨГ УГСРАЛТЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

A- A A+
“ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2022”-ЫН ЦАХИЛГААН УГСРАЛТ, ӨРӨГ УГСРАЛТЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсын баг 7 төрөлд өрсөлдөж буй. Эдгээрээс сүүлийн төрөл болох цахилгаан угсралт, өрөг угсралтын тэмцээн Австри улсын Зальцбург хотод болж байна. Тус хотод 7 мэргэжлээр буюу цахилгаан угсралт, үйлдвэрлэлийн цахилгаан удирдлага, барилгын өрөг угсралт, барилгын битон, хүнд машин механизмын технологи, тээвэр зуучлал болон химийн лабораторийн технологийн тэмцээн явагдаж, 30 орчим орны тамирчид ур чадвараараа өрсөлдөж байгаа юм.  

ЦАХИЛГААН УГСРАЛТ

Цахилгаан угсралтын төрөлд нийт 24 орны тамирчид өрсөлдөж байгаагаас манай улсаас Налайх МПК-ийн суралцагч А.Шинэхүү, эксперт багш Ж.Уранцэцэгийн хамт оролцож байна. Оролцогч А.Шинэхүүгийн хувьд 2017 оноос буюу нэгдүгээр курсээсээ бэлтгэгдсэн туршлагатай залуу оролцогч юм.  

Цахилгаан угсралтын тэмцээнээс нэг цагийн өмнө тэмцээний даалгавар задарч, оролцогчид багштайгаа 30 минут зөвлөлдсөний эцэст даалгавараа гүйцэтгэнэ.

ӨРӨГ УГСРАЛТ

Өрөг угсралтын төрөлд нийт 19 орны тамирчин оролцож байна. Манай улсаас Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар, эксперт багш Л.Эрдэнэчулууны хамт ур чадвараараа өрсөлдөж байна.

Оролцогч О.Наранбаатар нь өрөг угсрагч, угсралтын техникч мэргэжилтэй. Мөн зургийн техникч мэргэжлээр дахин суралцаж байгаа чадварлаг мэргэжилтэн юм. Монголын ур чадварын тэмцээнд 2016, 2019 онуудад амжилттай оролцсон, 2021 оны тэмцээний ялагч юм.