Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар БШУЯ-ны албан хаагчдад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031), түүний үндэслэл, шаардлага, боловсруулсан үйл явц, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.
Үндэсний шинжээч Б.Долгор салбар дундын болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тухайн салбарын албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, туршлага онцгой чухал болохыг тодотгоод жендэрийн талаарх хууль эрх зүйн болон онолын ойлголтуудыг нарийвчлан тайлбарлаж өгсөн юм.
Энэхүү салбар дундын стратеги төлөвлөгөөний “Охид, хөвгүүд, эмэгтэй эрэгтэй хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох тэгш боломж бүрдүүлнэ”, “Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана” 1, 2, 5 дугаар зорилтын 19 арга хэмжээг БШУЯ дангаар болон хамтран хариуцаж хэрэгжүүлнэ. Ташрамд дурдахад боловсрол, шинжлэх ухааны салбарт баримтлах жендэрийн бодлого 2017 онд батлагдсан. Энэхүү бодлогын эхний үе шат дуусаж, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэхээр ажиллаж байна.