“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН СУДАЛГААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ  

A- A A+
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН СУДАЛГААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ  

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д эрдэмтэн, судлаачдын оролцоо өндөр гэдгийг чухалчлаад цаашид шинжлэх ухаан, технологийн хөгжил рүү шилжиж, үүрэг оролцоо улам нэмэгдэхийг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны 71 байгууллагад 5085 судлаачид ажиллаж байна. Эдгээр эрдэмтэн, судлаачид “Шинэ сэргэлтийн бодлого”-д хэрхэн гар, бие оролцох талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” илтгэлдээ дурдлаа.

Аж үйлдвэрийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

-Шинжлэх ухаан, аж үйлдвэр зэрэг хөгжиж байж биет бүтээгдэхүүн баялаг бий болгодог. Иймд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын тэргүүлэх чиглэл, цөм технологийг аж үйлдвэрийн салбарын стратегийн бүтээгдэхүүнтэй уялдуулна. Нүүрснээс нийлэг хий, устөрөгч гарган авах, бордоо, полимер, химийн үйлдвэрлэлийг бий болгох, уул уурхайн хаягдлаас үнэт, ховор элемент, эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүдийг ялгах гэхчлэн эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох чиглэлд ажиллана.

Ногоон хөгжлийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орны бүс нутагт тохирсон төрөл зүйл модны үр, хөрсийг бий болгох, тарьж ургуулах технологи дамжуулж, нутагшуулна. Усны нөөцийн хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн цогц судалгааг хийх, ундны усны чанарыг сайжруулах. Мөн энгийн болон аюултай хог хаягдал, цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулна.

Эрчим хүчний сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

-Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах, байршлын судалгаа, эрчим хүчний балансын судалгаа хийх. Сэргээгдэх эрчим хүчний бүтэц, төрөл, байршлыг зөв тодорхойлохоос гадна байгалийн хийн хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдыг оролцуулна.

Боомтын сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

-Хилийн боомтын эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, макро эдийн засгийн түвшний нөлөөлөлд дүн шинжилгээ хийнэ. Олон улсын жишигт нийцсэн ухаалаг, цахимжсан боомтыг бий болгох, хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

-Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл таталцлын кластер бүсчлэлийг тодорхойлж, түүнийг дагасан дэд суурьшлын төвүүдийг байгуулах. Хөдөө аж ахуйн нөөц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон 21 аймаг, 330 сумыг бүсчлэх, сум дундын төвүүдэд түшиглэсэн түүхий эд бэлтгэх, анхан болон эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Төрийн бүтээмжийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

-Судалгааны ажлын тайланг төрийн бүх шатны байгууллагуудад нээлттэй ашиглуулах. School mapping платформ эхлүүлж, орон зайн өгөгдөл, газар зүйн мэдээллийн системд суурилсан шийдвэр гаргалтыг салбар дамнасан судалгааны ажлын хүрээнд гүйцэтгэнэ.

Мөн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, БШУ-ы сайдын хамтаар “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний шилдэг инноваци” шагналыг гардуулан өглөө. “Шилдэг  инновацийн бүтээгдэхүүн” төрөлд Үндэсний инновацийн шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлд олголоо. “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей”  бүтээлд Үндэсний инновацийн шагналыг олгосон юм. Үүний дараагаар инновацийн бүтээлийн үзэсгэлэнг үзэж, сонирхлоо.