“Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийн үеэр “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”-ын шагнал гардуулах ёслол боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны яам олон улсын өндөр чансаатай мэргэжлийн сэтгүүл, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан эрдэм шинжилгээний ном, нэг сэдэвт бүтээлийг шинжлэх ухааны салбаруудаар жил бүр сонгон шалгаруулж, урамшуулдаг. Энэ онд “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ээр эрдэм шинжилгээний 3 шилдэг бүтээл /ном/, эрдэм шинжилгээний 3 шилдэг өгүүлэл тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл /ном/:
-Очирын Гэрэл нарын “Монголын эрдэс баялаг”
-Гэлэгпилийн Чулуунбаатар нарын “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилт”
-Дэлэгийн Сангаа, Энхнарангийн Уянга нарын “Соронзон”
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл:
Олон улсын Шпрингэр Нэйчур хэвлэлийн газрын Дайменшн мэдээллийн санд бүртгэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүллийн нөлөөллөөр хамгийн өндөр үзүүлэлттэй дараах өгүүллүүд 2022 оны эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээр шалгарлаа.
-АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн багш, арга зүйч, анагаах ухааны магистр Э.Ренчиндорж нарын “Монгол Улс КОВИД-19 цар тахлын эхэн үед хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ ба бэлэн байдал: туршлага ба сорилтууд” өгүүлэл нь Анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбараас шалгарав.
-МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор, эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Б.Мөнх-Өлзий нарын “Монголын хөрөнгийн зах зээл дээрх сүргийн зан төлвийн судалгаа” өгүүлэл Нийгмийн ухааны салбараас шалгарав.
-МУБИС-ийн Математикийн тэнхимийн ахлах багш, математикийн ухааны доктор (Ph.D) Л.Буянтогтох нарын “Цомхотгосон Загреб индекс” өгүүлэл Байгалийн ухааны салбараас шалгарлаа.
Мөн өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэрэмжит шагнал болох “Залуу судлаачдын грант”-ыг гардууллаа.
-И.Хишигдэмбэрэл “Металлаар хольцолж сайжруулсан магнийн феррит соронзон нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа”
-П.Баттогтох “Глюоны урсгалын хоолойг энерги импульсийн тензор ашиглан судалсан үр дүнгээс”
-Б.Мишээлт “Монголын эртний хүний гавлын ясан дээрх нүхжилтийн эмгэгийн судалгаа”
-Т.Түвшинжаргал “Эртний судлалд зооархеологи болон тогтвортой изотопийн судалгааг хөгжүүлэхийн ач холбогдол, зарим үр дүн”
-Н.Лхагвасүрэн “Эрчимжсэн аж ахуйн саалийн үнээний дэлэнгийн үрвэлийн тархалт, зарим үүсгэгчдийн молекул биологийн судалгаа”
-Д.Мөнхгэрэл “Нанопоре технологиор тогтоосон B. abortus–ийн бүтэн геномын дараалал”
-Х.Анхбилэг “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн монголын эдийн засагт үзүүлэх нөлөө”
-Д.Алтантуяа “Монгол орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй гангийн нөлөөллийн судалгаа”
-П.Цэенханд “Дархан хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүс тодорхойлох судалгаа”
-Л.Дагва-Очир “Түмэнцогт вольфрамын ордыг агуулагч магмын чулуулгийн геохими, геохронологи”
-Б.Бямбасүрэн “Салхины Турбины давхар сэргээлттэй Асинхрон Генераторийн гэмтлийг автоматаар оношлох шинэ аргачлал”
-Б.Азжаргал “Монголд хоёрдогч түүхий эдээс газрын ховор элементийг гарган авах боломж судлах судалгаа”
-Н.Нямтуяа “STEC-ийг богино хугацаанд илрүүлэх LAMP аргачлалыг нэвтрүүлэх нь”
-Д.Энхзул “6-23 сартай хүүхдийн хооллолт ба хоол тэжээлийн байдлыг Баянзүрх дүүргийн хүрээнд судалсан дүн” нар грантын эздээр тодорлоо.